ӨСВӨР НАС. ӨСВӨР НАСНЫХНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар 10-19 насныхныг Өсвөр насныхан гэж үздэг.
1994 онд Кайр хотноо хуралдсан Дэлхийн дээд хэмжээний “Хүн ам ба хөгжил” Бага хурал ойрын ирээдүйд эцэг, эх болох өсвөр үеийнхний эрүүл мэндэд онцгой анхаарахыг чухалчилсан юм.
Өсвөр үеийнхэн нь эрчимтэй өсч хөгжиж буй шатандаа байгаа, бусад насны бүлгийнхнээс харьцангуй эрүүл бүлгийн хүмүүс юм.

Үндэсний Статистикийн Газрын 1999 оны мэдээгээр Монгол Улсын хүн амын 46.6%нь 19-өөс доош насны хүүхэд залуучууд бөгөөд 581186 буюу нийт хүн амын 24.1% нь 10-19 насны өсвөр үеийнхэн байна. Өсвөр насныхны онцлог:
  • Эрчимтэй өсч, биеийн хөгжил гүйцнэ.
  • Бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхижиж, бэлгийн бойжилт явагдаж улмаар нөхөн үржихүйн чадвартай болно.
  • Аливаа зүйлийг илүү гүн гүнзгий мэдэрч, илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй болдог. Тэдний сэтгэл санааны байдал богино хугацаанд өөрчлөгдөж, баяр баясгалантай, эсвэл уйтгар гунигтай байх нь элбэг байдаг.
  • Биеийн галбир, гадаад үзэмж, нүүр царайны хэлбэр, нүд хөмсөг, сэвх гээд бүгд л маш чухал болно. Тэд бусдын анхаарлын төвд байхыг хүснэ.
  • Эцэг, эхтэйгээ харилцах харилцаанд онцгой өөрчлөлтүүд гарна. Эцэг эх нь тэднийг бага насны хүүхэд адил үзэх нь тэдэнд таалагдахгүй. Өсвөр үеийнхэн өөрсдийгөө адилхан том хүн болж гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ.
  • Аливаа асуудалд өөрийн гэсэн үзэл бодол, хандлага бий болж, зөв буруу ч гэсэн өөрөө шийдвэр гаргахыг эрмэлзэнэ. Тэд бие даасан байдлыг хүсэж, томчуултай зөрчилдөх болно.
  • Энэ насанд найз нөхөд их чухал болдог. Илүү удаан нөхөрлөх болж хэрэв найз нь итгэл алдах юмуу, нөхөрлөхөө болиход их эмзэглэдэг. Тодорхой найз нөхөдийн дунд үнэлэгдэж, тэдэнтэй адил хувцаслаж, ижил зүйл хийхийг эрмэлзэх болно.
  • Хэн нэгнийг шохоорхон, хайрын шүлэг бичин, хэн нэгэнд таалагдахыг эрмэлзэнэ. Зарим нь хайр дурлалтай учирна.
  • Ямар ч зүйлийг өөрөө биеэр хийж үзэхийг хүсэж, зарим нь сайн зүйлийг хийж бүтээж, зарим нь тамхи татаж, архи ууж, бэлгийн хавьталд орох нь бий.
  • Олон хүчин зүйлээс шалтгаалан буруу шийдвэр гаргах, үе тэнгийнхний дарамт шахалтанд орох зэргээс эрсдэлд орох нь цөөнгүй.
Монголын өсвөр үеийнхний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд:

Өсвөр үеийнхэн эрүүл мэнд ялангуяа бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай, тэд энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж хазгаарлагдмал байна.
Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй байсан ба тэд энэ чиглэлийн мэдээллийг найз нөхөд, телевиз, сонин зэргээс авдаг байна. Ерөнхий боловсролын сургуулийн албан ёсны хичээлийн агуулга, хөтөлбөрт эрүүл мэндийн , түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловрол олгох асуудал тусгагдсан боловч, хичээл заах багш бэлтгэгдээгүй, сургалтын гарын авлага, материал хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг хичээл ордоггүй, сургалтын цаг цөөн байгаа юм. НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол Улсын Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд “Үерхэл” сонин хэвлэгдэх болж, радио, телевизээр өсвөр үеийнхэнд зориулсан нэвтрүүлэг явагдаж байгаа боловч, хүртээмж муутай байсаар байна.

Өсвөр үеийнхэн харьцангуй эрт бэлгийн хавьталд орж байна.
1995 онд судалгаанд хамрагдсан 17-18 насныхны 26 хувь нь бэлгийн хавьталд орсон байсан бол 1999 онд хийгдсэн судалгаагаар 17-18 насныхны 34,5 хувь нь бэлгийн хавьталд орсон байна.

Охидын жирэмслэлт ихсэж байна.
Сүүлийн 20 жилд 20-34 насны эмэгтэйчүүдийн төрөлт буурсан байхад өсвөр насны охидын төрөлт сүүлийн 10 жилд өссөн байна. 1998 оны байдлаар 15-19 насны эмэгтэйчүүдийн 9 орчим хувь нь хүүхэд төрүүлж байгаа ба энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос хоёр дахин их байна.
1996, 1997, 1998 онуудад дундажаар эхийн эндэгдлийн түвшин 100000 төрөлтөд нийт 161 тохиолдол байсан бөгөөд үүний 8.3% нь 15-19 насны өсвөр насны охид байсан ба 20-29 насны бүлгийнхнээс хоёр дахин их байжээ. Тэдгээрийн ихэнх нь буюу 81% нь хөдөө орон нутагт эндсэн байна.

Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдвар ихсэх хандлагатай байна.
Үндэсний Статистикийн газрын мэдээнээс харахад жилд 7000-8000 хүн бэлгийн замаар халдварладаг өвчнөөр өвчилсөн ба тэдний 48-52% нь 25 хүртэлх насны залуучууд байна. БЗХӨ-ний тархалт залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байна.

Архи анх хэрэглэх нас залуужиж, залуучуудын дунд архины хэрэглээ өндөр байна.
Архидалтад хийсэн судалгаагаар одоо 20 хүртэлх насны өсвөр үеийнхний 70.5%, 16 хүртэлх насныхны 54.7% нь архи хэрэглэж эхэлсэн байжээ.

Өсвөр насныхны дунд амиа хорлох оролдлого өндөр байсаар байна.
Гэр бүл, нийгмийн олон шалтгаанаас өсвөр үеийнхэн сэтгэл санааны дарамтанд орох нь улам ихсэх хандлагатай байна. Тэд ганцаардал, гэр бүлийнхний дарамт, бүтэлгүй хайр дурлал зэрэг шалтгаанаас амиа хорлох, хорлох оролдлого хийж хордох нь нэмэгдэж байна.

Өсвөр насныханд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үгүйлэгдэж байна.
2000 онд хийсэн Монголын Өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгааны тайланд дурьдснаар судалгаанд хамрагсдын 61.6% нь эрүүл мэндийн үйлчилгээг хүртэхэд бэрхшээлтэй, 20.3% нь энэ талын үйлчилгээ шаардлага хангадаггүй гэжээ. Өсвөр насныхны дунд шүд, залгиур хоолой, хоол боловсруулах зэрэг эрхтэн тогтолцооны өвчин эмгэг зонхилон тохиолддог боловч эдгээр шалтгаанаар өрхийн болон бусад эмнэлгээс тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг, харин жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг шалтгаанаар өөрийн нууцыг хадгалан үйлчлүүлэх бололцоо хязгаарлагдмал байна. Өсвөр үеийнхэнд сэтгэл санааны хямрал, хайр дурлал зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг, тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага байхгүй байна.
  • Өсвөр үеийнхэн маш хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд өсч бойжиж байна. Манай өсвөр үеийнхэнд гэр бүлийн амьдрал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоонд зарим талын сөрөг нөлөө бүхий улс төр, эдийн засаг, нийгмийн хүчтэй өөрчлөлтийг даван туулах бэрхшээл учирч байна.
  • Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт ихсэж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний тав тухтай амьдрахад таагүй нөлөөлж байна гэж НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Газраас гаргасан баримт бичигт дурьдсан байна. 1998 оны статистикийн мэдээгээр Монголын нийт хүүхдийн 26% нь ганц бие эцэг, эхийнхээ аль нэгтэй амьдарч байна гэсэн бол Улаанбатар хотын 660 хүүхдийн дунд 1999 онд хийсэн түүвэр судалгаагаар 43% нь эцэг эхийн хүчирхийлэлд байдаг гэжээ. Мөн ийм тооны хүүхдүүд хангалттай хоол унд, гутал хувцасгүйгээс хичээл сургуульдаа тогтмол явж чаддаггүй, эцэг эх нь зөнд нь орхисон хүүхдүүд олон байгаа нь тэд ядуусын давхаргад хамрагдах болсныг нотолж байна гэж МУИС-ын Хүн ам зүйн сургалт, судалгааны төвийн судалгааны тайланд дурьджээ.
  • Хот хөдөө болон хүн амын амьдралын түвшингийн эрс ялгаатай байдал нь өсвөр үеийнхний боловсрол эзэмших, мэдээлэл олж авах, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдахад ялгавартай байдлыг бий болгож байна.
  • Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрийн дор Шар сонингууд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүчирхийлэл, аллагыг үзүүлж, хэт замбараагүй бэлгийн амьдралыг сурталчилах болсон нь өсвөр үеийнхний зан үйл, амьдралын сонголтонд сөрөг нөлөө үзүүлж байна.
  •  
Сэтгэгдэл
RSS
Зочин   |2009-05-23 09:17:53
уянга  - өсвөр үеийн хүүхдүүийн асуудал   |2010-03-16 23:40:51
энд байгаа мэдээллүүд бидэнд маш их хэрэгтэй юмнууд байна Дахиж үүнээс олон зөвлөгөө авмаар байна
Зочин   |2011-07-09 17:38:22
ziak  - hi   |2011-07-25 01:00:21
ooo enend yaj burtguulhiin be zaagaad uguh hun bwal comment uldeegere pls zaluusa
emma   |2011-08-13 15:58:22
vneheer haragtei zvil bn ilvv ih zvil hiigeerei
Зочин   |2011-09-15 16:59:12
Зочин   |2011-09-15 16:59:45
hi
yu bn anda
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.