БЭЛЭГ ЭРХТНИЙ БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эрэгтэй бэлэг эрхтэн

Эрэгтэй хүний бэлэг эрхтэнг дотор ба гадна гэж хуваадаг бөгөөд гадна эрхтэнд: шодой, тээрхий, хуухнаг, дотоод эрхтэнд: төмсөг, түүний дайвар, үрийн суваг, үрийн цэврүү, түрүү булчирхай зэргийг багтааж үздэг байна.
Зураг “Миний мэдэх ёстой зүйл” номны хуудас 25

Эдгээрийн дотроос хүн болгоны хамгийн сайн мэддэг хэсэг нь шодой бөгөөд энэ нь шээх, үрийн шингэнийг гадагшлуулах, бэлгийн таашаал авах, дур ханахад чухал үүрэгтэй эрхтэн юм. Шодойн толгойн хэсгийг тээрхий гэж нэрлэх ба энэ нь түүний хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Шодойн толгой, их бие нийтдээ арьсаар хучигдаж нэгтгэгдсэн ба арьс нь толгойн хэсэгт нугалаас үүсгэж энэ нугалаас (шамархай) толгойн хэсгийг давхар хучиж байдаг. Шодой ердийн үед дунджаар 5-8см урттай ба бэлгийн сэрлийн үед хөвчирч хатуурахдаа 10-15 см хүртэл хэмжээгээрээ томордог байна. Зураг “Миний мэдэх ёстой зүйл” номны хуудас 24 дээд/

Хуухнаг нь төмсөг гэгч хос булчирхайг дотроо агуулж, түүнийг биеийн халуунаас хэдэн хэмээр бага нөхцөлд байлган, хамгаалах үүрэгтэй агшиж, сунадаг арьсан хүүдий юм. Гадаа халуун байх, халуун усанд орох, халуурах зэрэгт сунаж төмсөгийг аль болохоор биеийн халуунаас зайлсхийлгэн унжиж байдаг. Харин хүйтэнд эсвэл айсан үед хуухнаг агшиж төмсөгийг биед ойртуулж байрлуулах зэргээр төмсөгний эр бэлгийн эсүүдийг боловсруулах тохиромжтой нөхцөлийг хуухнаг бүрдүүлж байдаг.

Төмсөг нь эр бэлгийн эсийг боловсруулахаас гадна эрэгтэй хүний шинж төрхийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй эр бэлгийн даавар ялгаруулдаг хос бэлгийн булчирхай юм. Хэмжээний хувьд хоорондоо ялигүй ялгаатай байж болно. Дунджаар 4х3 см хэмжээтэй, зуувандуу хэлбэртэй. Төмсөг маш олон жижиг хялгасан сувганцруудаас бүрддэг ба энэ сувганцрууд нь эр бэлгийн эсүүдийг үүсгэн дамжуулна. Жижиг сувганцрууд нийлж нэгдсээр нэг суваг болно. Энэ суваг нь төмсөгний ард байрлах төмсөгний дайварт ирнэ. Эр бэлгийн эсүүд төмсөгний дайварт ирж гүйцэд боловсрох ба энд хадгалагдаж байдаг.

Төмсөгний дайвар нь үрийн сувагтай холбогддог ба энэ сувгаар дамжин эр бэлгийн эсүүд үрийн цэврүүнд очиж хуримтлагдана. Үрийн цэврүү нь гүйцэд боловсорсон эр бэлгийн эсүүдийг хадгалахаас гадна эр бэлгийн эсүүдийг тэжээлээр хангах шүүрэл ялгаруулна.

Үрийн цэврүүний ойролцоо шодойн уг, давсаг хооронд түрүү булчирхай байрлана. Түрүү булчирхай нь эр бэлгийн эсүүдийг тэжээлт бодисоор хангах шүүрэл ялгаруулах бөгөөд эр бэлгийн эсүүд түрүү булчирхайн ялгаруулсан шүүрэлтэй нийлж үрийн шингэнийг бий болгоно.

Үрийн суваг нь төмсөгний дайвраас эхлэн үрийн цэврүү, түрүү булчирхай, шээсний сүвийг дамжин холбодог урт хоолой маягийн суваг юм.
Түрүү булчирхайн доохно талд Куперын булчирхай хэмээх жижиг булчирхай байрлах бөгөөд энэ нь үрийн шингэн ялгарахын өмнө шээсний сүвний хүчиллэг орчныг саармагжуулах үйлчилгээтэй шүүрэл ялгаруулж шээсний сүвээр эр бэлгийн эсүүд гэмтэхгүй дамжин өнгөрөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Эмэгтэй бэлэг эрхтэн

Эмэгтэй хүний бэлэг эрхтнийг бас дотор, гадна гэж ангилан үздэг. Гадна бэлэг эрхтэн гэдэг нь бидний нүдэнд ил харагдаж байдаг хэсэг юм. Өөрөөр хэлбэл бэлгийн их уруул, хэлүү, бага уруул, шээсний сүв, үтрээний үүдэвчийг гадна бэлэг эрхтэнд хамруулж үздэг.

Зураг “Миний мэдэх ёстой зүйл” номны хуудас 14 /дунд/

Бэлгийн их уруул нь бэлэг эрхтнийг гадны нөлөөнөөс хамгаалж байх зохилдлогоотой хос арьсан нугалаас юм. Бэлгийн их уруул нь арьсан дороо өөхлөг эдтэй байдгаас зузаавтар, бор өнгөтэй, үстэй байдаг. Бэлгийн их уруулын дотор талаар бэлгийн бага уруул байрлана. Бэлгийн бага уруул нь улаан ягаан өнгөтэй арьсан нугалаас юм. Энэ нугалаас хэсэгт шүүрэл ялгаруулдаг булчирхайнуудын сүв нээгддэгээс цагаан өнгөр хуримтлагдсан байдаг бөгөөд үүнийг угааж цэвэрлэх нь эрүүл ахуйн хувьд тохиромжтой.

Бэлгийн бага уруулууд дээд хэсэгтээ буюу умдагны доор нийлж хэлүүг үүсгэнэ. Энэ нь мэдрэлийн судлаар баялаг, маш цочромтгой эрхтэн бөгөөд бэлгийн таашаал авах, дур ханахад чухал үүрэгтэй. Хэлүүний доод талд шээсний сүв байрлана.

Бэлгийн бага уруулуудын хоорондох амсарыг үтрээний үүдэвч гэж нэрлэдэг. Бэлгийн хавьталд ороогүй охидод үтрээний үүдэвч онгон хальсаар халхлагдаж байна.

Онгон хальс нь төрөлхөөсөө нүхтэй бөгөөд нүхний хэлбэр болоод сунамтгай байдал нь охид бүрд янз бүр байдаг. Ихэнхи охидын онгон хальсны нүх дугуй, зууван хэлбэртэй, нимгэн, сунамтгай чанар сайтай байдгаас анхны бэлгийн хавьтлын үед цус гарах, өвдөх зэрэг зовиур үүсэхгүй байж болно. Харин цөөн тохиолдолд онгон хальс нь хагас саран, халаас , шүүрэн шанага шиг олон жижиг нүхтэй, таславч зэрэг өвөрмөц хэлбэртэй байх нь бий. Өвөрмөц хэлбэрийн онгон хальстай байх, онгон хальс зузаавтар, сунамтгай шинж чанар бага байх зэрэг шалтгаануудаас анхны бэлгийн хавьтлын үед өвдөх, цус гарах зэрэг зовиур үүсдэг байна. Мөн төрөлхийн онгон хальсгүй байх эсвэл онгон хальс огт нүхгүй ,битүү байх зэрэг нь ховор ч гэсэн тохиолддог бөгөөд ялангуяа битүү охин хальсыг мэргэжлийн эмчид эрт үзүүлж оношлуулах нь чухал .

Дотор бэлэг эрхтэнд үтрээний үүдэвчээс цааш үргэлжлэх, нүдэнд харагдахгүй, бага аарцгийн хөндийд байрладаг эрхтнүүдийг багтааж үздэг. Үүнд: үтрээ, үмай, үрийн хоолой, өндгөвч орно.

Зураг “Миний мэдэх ёстой зүйл” номны хуудас 15

Үтрээ нь үтрээний үүдэвчнээс умайн хүзүүтэй нийлэх хэсэг хүртэл, үргэлжилдэг агших, сунах чадвартай булчинлаг гуурсан хоолой юм. Үтрээний дотор талын ханыг хучсан нимгэн салст давхарга нь шүүрэл ялгаруулдаг бөгөөд бид үүнийг цагаан юм гэж нэрлэдэг. Биений юм ирсэн үед умайгаас ялгарсан цус, салст үтрээгээр дамжин гадагшлахаас гадна, хүүхэд төрөх үед төрөх зам мөн бэлгийн хавьтал хийгдэх орчин болох зэрэг үүргүүдийг гүйцэтгэнэ.

Үтрээнээс цааш умай үргэлжлэх бөгөөд умайн үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү (савны амсар) гэж нэрлэнэ. Умай нь доош харсан лийр хэлбэртэй, зангидсан гарын хэмжээтэй, агших сунах чадвартай зузаан булчинлаг эрхтэн юм. Жирэмсэн үед умайд хүүхэд тээгдэнэ.

Умайн ёроол хэсгээс баруун, зүүн тал руу үрийн хоолой хэмээх нарийн гуурсан хоолой салаалж үргэлжлэх бөгөөд энэ нь дунджаар 10-12 см урттай, хүний1-2 ширхэг үс багтах хэмжээний хөндийтэй нарийхан, булчинлаг хоолой юм. Энэ гуурсан хоолой төгсгөл хэсэгтээ олон тооны салбангуудтай бөгөөд эдгээр салбангууд нь зүйрлэвэл далайн ургамал мэт намирсан хөдөлгөөнийг хийн түүний харалдаа доор нь байрлах өндгөвчний гадаргууд шүргэж байдаг. Салбангууд өндгөвчнөөс ялгарсан өндгөн эсийг шүүрэн авч умайн гуурсан хоолой дотор оруулж ирэх, гуурсан хоолой нь булчингийнхаа гүрвэлзэх хөдөлгөөнөөр өндгөн эсийг умайн хөндий рүү дамжуулах үүргийг тус тус гүйцэтгэнэ.

Өндгөвч умайн хоёр талд, гуурсан хоолойн харалдаа доор нь, түүний салбангуудтай шүргэлцэн байрлах хос бэлгийн булчирхайн юм. Өндгөвч ойролцоогоор 2,5х1,5х1см хэмжээтэй жижиг булчирхай бөгөөд дотроо 400,000 орчим боловсроогүй эм бэлгийн эс буюу өндгөн эсийг агуулж байна. Охидод биений юм ирдэг болсон үеэс сар бүр 1 өндгөн эс гүйцэд боловсрон ялгарах ба хэрвээ бэлгийн хавьталд орвол жирэмслэх бололцоотой гэсэн үг юм. Өндгөвч эм бэлгийн эсийг боловсруулахаас гадна эм бэлгийн дааврыг ялгаруулдаг бөгөөд энэ дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний эрэгтэй хүнээс ялгагдах бүхий л шинж төрх бүрэлдэн бий болно.

Сэтгэгдэл
RSS
Зочин   |2010-01-28 03:47:30
Hik4maru j!tsu  - don.t have   |2010-02-02 04:16:12
this text don.t have English
Hik4maru j!tsu   |2010-02-02 04:16:40
Зочин   |2011-03-13 19:30:30
Зочин   |2011-05-18 15:28:46
Зочин   |2011-06-16 19:54:49
WooooooooooooooooooooooooW
bagii   |2015-07-20 13:23:47
miniih eruusuu tom bolohgui um bi odoo 14nastai busad huuhduudin buh l um uurchlugdud bhd nadiig ogt uurchlugduhgui bga um shig sanagdaad hariulad uguuj
Админ   |2018-09-24 15:55:55
Удаж хариу өгч байгаад уучлаарай. Хэрэв дээр бичсэнээс харьцуулаад өсөлт удаан байгаад байвал мэргэжлийн эмчид үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй шүү.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.