Хүчирхийлэл ба бэлгийн хүчирхийлэл
Хүчирхийлэл гэдэг үг тэнцвэргүй харилцаа, бусдыг эрхшээлдээ оруулах, хүч хэрэглэх, дарамт шахалт үзүүлэх, бусдыг сэтгэл санаа, биемахбодын хувьд хохироох гэсэн утга санааг агуулж байдаг. Хүчирхийлэл нь бусдын аюулгүй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт хэрэг юм. Хүчирхийлэл олон хэлбрүүдтэй. Гэр бүлийн, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, хөгшчүүлийн, бэлгийн хүчирхийлэл гэх мэт олон янз.
Улс орон бүр хүчирхийллийг өөр өөрийн үндэсний онцлогтойгоор ойлгож, хүлээж авдаг. Хүчирхийллийн эсрэг хуультай орон ч бий.


Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө айлган, сүрдүүлэх, занах, зодох, доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт үзүүлж, хүч хэрэглэхийг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд үг хэлээр болон биеийн хүчээр бусдыгаа дарамтлах бүх үйлдэл, хамрах бөгөөд хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ шарх сорвитой болоход хүрч, улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь маш нуугдмал байдгаас энэ талаар хийгдсэн судалгаа цөөн байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл үг хэлээр доромжлохоос эхлээд бие махбодын хүчирхийлэлд хүргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нөгөөд шилжин даамжирч байдаг үйлдэл юм.Гэр бүлийн хүчирхийлэл нь энгийн зүйлээр эхлээд аажимдаа улам харгис шинжтэй болохын зэрэгцээ тодорхой хугацааны дараа давтагддаг.

Зарим хүний бэлгийн зан үйл аюултай, бусдыг хохироодог нь гунигтай боловч үнэн билээ. Ийм маягийн зан үйл гаргахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг сексийн зорилгоор өдөж, зохисгүй харьцахыг хэлнэ. Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хүүхэд, насанд хүрсэн хүмүүсийн алинд нь ч гэсэн хүнд сэдэв бөгөөд энэ тухай бодох, бусадтай ярилцахад их бэрхшээлтэй. Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн хүчирхийллийн талаар буруу, ташаа ойлголт, мэдээлэл их байдаг. Жишээ нь: Хүчинд автсан эмэгтэй энэ тухайгаа бусдад ярих нь өөрийнх нэр хүндэд нөлөөлнө.Энэ бүхэн надаас л болсон. Би тэр хүнтэй уулзаагүй л бол..., тийм хувцас өмсөж хүмүүсийн анхаарлыг татаагүй бол.., сайн бодоогүй миний л буруу.., Түүний үгэнд итгэээгүй бол.., гэх мэтээр хохирогчид өөрсдийгөө буруутгаж ихэнхидээ энэ тухайгаа нуун дарагдуулдаг.

Хүүхдүүд болон насанд хүрэгсэд багаасаа бусдыг хүндэтгэж харьцах ёсыг заалгаж өсдөг. Хүнтэй бэлгийн хавьталд орохдоо ч энэ ёсыг умартвал бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр хүний нууц эмзэг эрхтэнд хүрэх буюу оролдох нь бэлгийн хүчирхийлэл мөн. Бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Хоорондоо үерхдэг хайртай хосуудын хувьд ч гэсэн нэгнийгээ хүсээгүй үед нь, зөвшөөрөл авахгүйгээр бэлгийн хавьтал үйлдэх юм бол мөн л бэлгийн хүчирхийлэл болох бөгөөд гэхдээ үүний нэр томъёог болзооны үеийн хүчин гэж нэрлэх нь бий. Ямар ч нөхцөлд чиний бие махбод зөвхөн чиний өөрийнх шүү гэдгийг санаж явах нь чухал.
Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн түүхийг харж байхад хүчирхийлэгчид ихэнхидээ хохирогчийн танил, ойр дотны хүмүүс байдаг. Тиймээс хүүхдээ асран хамгаалуулж, хүмүүжүүлэхэд туслалцаа авахаар хандаж байгаа хүнээ маш сайн бодож сонгох хэрэгтэй юм.

Хэрэв хэн нэг хүн биед чинь хүрч, чамайг хүсээгүй байхад оролдох юм уу, ер нь ингэж болохгүй гэж чи бодож байгаа бол “Боль, намайг битгий оролд” , “Болиоч” гэж шулуухан хэлэх хэрэгтэй. Ойр хавьд байгаа хүмүүсийг чангаар дуудаж, тэднээс тусламж хүсэх хэрэгтэй. Мөн энэ тухайгаа өөрийн итгэсэн хэн нэг хүнд заавал хэлж мэдэгдэж байх ёстой. Ихэнхи хүчирхийлэгчид тухайн үйл явдлын талаар бусдад мэдэгдэхгүй байхыг хүсэх юмуу, эсвэл хэлж болохгүй гэж сүрдүүлдэг. Энэ нь тэд дараагийн удаад өөр олон хүнийг хохироох боломжоо алдахгүй байх гэсэн санаа юм. Тийм болохоор хүн бүр үүнийг чухалчлан үзэж тохиолдол болгоныг илчилж байвал бусдад сэрэмжлүүлэг болохоос гадна хүчирхийллийг газар авахуулахгүй байхад чухал нөлөөтэй.

Хүчирхийллийн талаар мэдээлэл тараадаг, сургалт зохион байгуулдаг, халамж үйлчилгээ үзүүлдэг газрууд байдаг. Үүнд: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төв мөн яаралтай үед “Итгэлтэй утас”-нд ч хандаж болно.


Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Шинэ сэтгэгдлүүд

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.