Шилжилтийн нас гэж юу вэ?
Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсрын үе юм. Бие махбодийн өсөлт хөгжил хүн бүрт харилцан адилгүй, ялгаатай явагддаг учраас “Би эрүүл болов уу? Минийх яагаад бусдынхаас өөр байна? гэсэн асуулт ихэнх өсвөр үеийнхний мэдэхийг хүсдэг, тэдний сэтгэлийг зовоодог зүйлийн нэг байдаг.
Шилжилтийн насанд гарах өөрчлөлтүүд нь тархины эд эсийн хөгжил гүйцэж, тархины тодорхой хэсгүүдээс ялгарах бодисын /даавар/ нөлөөгөөр эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжин, тэндээс ялгарах бэлгийн дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой гардаг.


Охидын бэлгийн бойжилтын явц, гарах өөрчлөлтүүд

Охидод шилжилтийн насанд гардаг өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний бэлгийн булчирхай болох өндгөвчнөөс ялгарах эм бэлгийн дааврын / эстроген ба шар биеийн даавар/ хэмжээ ихэссэнээс шалтгаалдаг. Шилжилтийн нас нь охидод хөвгүүдээс эрт, ихэвчлэн 10-11 насанд эхэлдэг боловч үүнээс эрт, орой эхэлж болдог.
Охидын хэвлий, гуяар өөх хуримтлагдан бие нь бөөрөнхийдүү болж, бүсэлхийгээрээ нарийсч, ташаа нь өргөсөн, үеийнхээ хөвгүүдээс өндөр болно. Энэ үед хөх болон хөхний толгой томорч эхэлдэг.
Хөх ургаж эхлэхдээ эмзэг байдаг. Аль нэг талын хөхний толгой томорч, хэн нэг нь санамсаргүй хүрэхэд эмзэглэдэг. Нэг тал нь яагаад ургахгүй байгаа юм бол, яагаад өвддөг юм бол гэж айх, эх эцэг нь ч жаахан охины минь хөх ургах болоогүй, ямар нэг өвчин боллоо гэж айх явдал байдаг. Үүнд айх явдалгүй, аажимдаа хоёр хөх хэмжээгээрээ ижил болдог. Хөхний хэмжээ хүн бүрд адилгүй байдаг.
Умдагны орчим болон суганы хонхорт үс ургаж эхлэх нь тийм ч аятайхан биш. Үсжилт нь удамшлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Үсний ургалт аажимдаа нэмэгдэж, суганы хонхор, умдагны гурвалжин мушгирсан үсээр бүрхэгддэг. Зарим хүний суганд огт үсгүй эсвэл цөөн үстэй байх нь бий.
Охидын өсөлт хөвгүүдээс бараг хоёр жилийн өмнө эхлэн, жил гаруй хугацаанд илүү эрчимтэй өсч аажмаар эрч нь суларч, өсөлт нь 18 нас хүртэл үргэлжилнэ. Охидын биеийн галбир, хэмжээ 10-18 насны хооронд өөрчлөгдөж, нас бие гүйцсэн эмэгтэйн төрхтэй болдог.
Өндөр, нарийхан туранхай болохыг охин болгон хүсдэг. Гэвч...
Хүн ямар төрх байдалтай болж өөрчлөгдөх нь ихэнхдээ эцэг, эхээс өвлөн авсан удамшлын шинжүүдээр тодорхойлогддог. Эцэг, эхийн өвөрмөц шинжүүдийг агуулсан генүүд бүхий бэлгийн эсүүд нийлснээр нэг эс болж өсөн хөгждөг. Гэхдээ эцэг эхийн аль нэгний шинжийг давамгайлан удамшуулдаг. Жишээ нь: эх нь хар өнгийн, эцэг нь ногоовтор нүдтэй байлаа гэж бодоход хар өнгө илүү хүчтэй, давамгайлсан өнгө учир хүүхэд нь хар нүдтэй байх магадлал илүү байдаг. Өндөр болох, их идсэн ч таргалдаггүй зэрэг шинжийг удамшин авдаг.
Биеийн хэлбэр галбир, өсөлт хөгжилтөнд удамшлаас гадна, тухайн хүний амьдралын хэв маяг онцгой нөлөөлнө. Иймээс ч нас чацуу эрүүл охидын биеийн галбир, өндөр өөр өөр байдаг. Сайн зохицуулсан хоол унд, байнгын дасгал хөдөлгөөн нь охидыг санасандаа хүрэхэд тусалдаг.
Биеийн хэлбэр галбир, хэмжээ нь нийтлэг байдлаар өөрчлөгдөх боловч, өсөлтийн хурд охидод өөр өөр байдаг. Зарим нь 13-14 хүртлээ өндөр болсон нь анзаарагдамгүй байхад зарим нь 11 насандаа суга өсдөг. Өсөлт хөгжлийн энэ үед биед гарсан өөрчлөлтүүд ажиглагдахуйц болж, анхны сарын тэмдэг үзэгддэг.
Хүн бүр сэтгүүлийн хуудсан дээрх загвар өмсөгч шиг болох боломжгүй. Нарийхан гоолиг болохыг мөрөөдөж, хоолны дэглэм барихыг хичээдэг охид олон байдаг. Олонх нь өөрсдийн дуртай мөхөөлдөс, бялуу, амттангаас татагалзаж чаддаггүй, зарим нь жингээ хасахын тулд хоолоо хэт сойх, идсэн хоолоо бөөлжиж гаргах зэргээр өөртөө зайлшгүй шаардлагатай уураг, эрдэс бодис, амин дэм, тэжээлийн дуталдалд орж өвчин эмгэгтэй болсон тохиолдол байдаг.
Өндгөн эс боловсорно.Үтрээ болон өндгөвчний хөгжил гүйцнэ. Үтрээнээс сүүн цагаан өнгийн зүйл гарна. Өндгөвчинд сар тутам өндгөн эс боловсорч, гадагшилдаг болно. Энэ нь жирэмслэх боломжтой болсон гэсэн үг. Энэ үед сарын тэмдэг үзэгдэнэ. Эхний үедээ мөчлөг нь тогтмол биш байх нь элбэг байдаг.

Хөвгүүдийн бэлгийн бойжилтын явц, гарах өөрчлөлтүүд

Хөвгүүдэд охидоос арай хожуу ихэвчлэн 13-14 насанд насанд шилжилтийн үе эхэлдэг. Гэхдээ үүнээс эрт буюу хожуу эхлэх нь бий. Бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр төмсөгөнд тестостерон хэмээх эр бэлгийн даавар ихээр ялгарах болсонтой холбоотой. Тестостероны нөлөөгөөр эрэгтэй хүүхдийн биед ажигладахуйц өөрчлөлтүүд гарна. Тухайлбал, хуухнаг томорч, доош унжиж, илүү үрчлээтэй болно. Цайвар арьстай хүний хуухнаг улаавтар, бараан арьстай хүнийнх бор өнгөтэй болно.
Хөвгүүдийн төвөнх томорч, дуу хоолой нь өөрчлөгдөнө. Эхний үедээ дуу хоолойны өнгө тогтворгүй, өөрчлөгдөж байдаг. Заримдаа бүдүүн, заримдаа нарийн хяхарсан авиа гаргадаг нь тэдэнд ичмээр санагддаг.
Шодойн биед наалдсан хэсгээр болон суганд үс, бас сахал ургана. Умдагны үс аажмаар тархаж, илүү өтгөн, буржгар болдог. Энэ өөрчлөлт хүн бүрт ямар байдлаар явагдах нь эцэг, эхээс удамшсан шинжээс их хэмжээгээр шалтгаална. Үсэрхэг эцэг эхийн хүүхэд үсэрхэг л байдаг.
Шодой хэмжээгээрээ томорч, урт бүдүүн болно. Төмсөгнүүд болон хуухнага томорсоор, аль нэг төмсөг, ихэвчлэн зүүн талынх нь илүү доош унжина. Шодойн хэмжээ ямар байх ёстой вэ гэдэг нь ихэнх хөвгүүдийн сэтгэлийг зовоосон асуудал байдаг. Шодойн хэмжээ нь хамар, чих зэрэг бусад эрхтэнтэй адил хүн бүрт харилцан адилгүй байдаг боловч, дунджаар энгийн үед 5-10 см урт, хөвчирсөн үедээ 10-15 см урт байдаг. Хэмжээг нь томруулах боломжгүй юм. Шодойн хэмжээ нь эр хүний хүч чадал, эршүүд байдал, бэлгийн чадавхи, таашаал өгөх чадварт огтхон ч нөлөөлдөггүй.
Хөвгүүд өндөр болж, жин нь нэмэгдэнэ. Цээж мөр өргөсч, бэлхүүсээр нарийсна. Хөвгүүдийн бие махбодь хэрхэн өсч хөгжих нь хооллолт, дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс ихээхэн шалтгаалдаг.
Зарим хөвгүүдийн хөх томорч, толгой нь эмзэг болдог. Энэ нь аажимдаа хэвийн байдалд ордог.
Хөвгүүдийн төмсөгөнд эр бэлгийн эсүүд боловсорч, үр тогтоох чадвартай болдог. Төмсөгөнд үүсч, төмсөгний дайварт хадгалагдан бие гүйцсэн эр бэлгийн эсүүд нь түрүү булчирхай, үрийн цэврүүний шүүрэлтэй нийлж үрийн шингэнийг бүрдүүлнэ.
Ихэнхи хөвгүүд өглөө босоход заримдаа зүүдлэх үедээ шодой нь хөвчирсөн байхыг мэдэрдэг. Зүүдлэх үед шодой хөвчирснөөр үрийн шингэн аяндаа гарч болох бөгөөд үүнийг “нойтон зүүд” гэдэг. Нойтон зүүдний тухай урьдчилан сонсоогүй хөвгүүд маш их цочирддог. Нойрон дунд үрийн шингэн ялгарах нь бэлгийн бойжилтын хөгжил хэвийн явагдаж байгаагийн илрэл юм. Боловсорсон эр бэлгийн эсүүд ба үрийн шингэн нь хуримтлагдаж, гадагшлах шаардлага байдаг тул нойтон зүүд нь түүнийг гадагшлуулах байгалаас заяасан нэгэн арга ба шилжилтийн насны өөрчлөлтийн нэг юм. Энэ нь 11-15 насны хөвгүүдэд тохиолддог бөгөөд давтагдах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Харин гар хангалга болон бусад аргаар үрийн шингэнээ гадагшлуулдаг хөвгүүдэд тохиолдохгүй буюу цөөн тохиолдож болдог.Нойрон дунд үрийн шингэн аяндаа ялгарахыг хөвгүүд өөрсдөө зохицуулах боломжгүй.

Бэлгийн бойжилтын үед охид, хөвгүүдийн сэтгэлийг зовоосон асуудлууд олон байдаг.

Би хэвийн болов уу?
Ихэнх хүүхдүүд өөрсдийн өсөлтийн талаар хэт удаан эсвэл хэт хурдан байна гэж санаа зовдог. Арай эрт өсч, хөгжсөн биерхүү нэг нь эсвэл намхан, жижиг нь бие биесээ шоолон, нэр хоч өгөх нь тэднийг улам эвгүй байдалд оруулдаг. Бусдаас өндөртөө санаа зовж, бөгтийсөөр сэрвээгээрээ бөгтөр болох нь бий. Үеийнхнээсээ түрүүлж хөх нь ургасан охид нуух санаатай цээжээ эвхэж явсаар алхаа гишгээ нь өөрчлөгддөг. Хэдийгээр хүн бүрт яг адилхан явагдахгүй ч гэсэн хүн бүр нэгэн ижил өөрчлөлтүүдийг аажмаар туулан өнгөрөх болно.

Хөлрөөд байдаг болчихлоо...
Шилжилтийн насны үед охид, хөвгүүдийн аль аль нь нийт хөлсний булчирхайнууд ялангуяа суганы хэсгийн булчирхай идэвхтэй ажиллаж эхэлснээс илүү хөлрөмтгий болдог. Ихэнх нь дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл хөдлөх, уурлаж уцаарлах үедээ хөлөрдөг боловч, зарим хүний хөлс илүү их гардаг. Цэвэр хөлсөнд ямар нэг үнэр байдаггүй, харин удвал эвгүй үнэртэй болдог. Өдөр бүр усанд орох нь хамгийн тохиромжтой арга юм. Аль болох цэвэр, даавуун дотуур хувцас, оймс өмсөх, тохирсон үнэр дарагч хэрэглэх нь зохимжтой.

Батга гарах нь насны онцлог гэж үү?
Шилжилтийн насанд бэлгийн дааврын ялгарах хэмжээ эрс ихэссэнээс арьсан дахь тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж арьс тослог болдог. Тосны булчирхайн жижиг суваг битүүрснээс батга гардаг. Арьсаа сайн цэвэрлэж чадахгүй бол батга буюу хуримтлагдсан тосонд идээлүүлэгч нян орж, тосны булчирхай идээлж батга хүндэрдэг. Арьсаа тогтмол сайн угааж, цэвэрлэх нь батга гарахаас сэргийлэх гол арга юм. Харин батгыг өөрөө шахах нь улам хүндрүүлж, сорви үлдэхэд хүргэдэг учир мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Сэтгэгдэл
RSS
Зочин   |2009-12-24 23:32:53
Зочин   |2011-02-08 00:38:22
Зочин   |2011-03-01 00:19:17
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.