Сарын тэмдэг
БИЕНИЙ ЮМНЫ МӨЧЛӨГ, ЭНЭ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ:
Сарын тэмдэг ирэх нь тухайн охин эрүүл өсч хөгжиж байгаагийн илэрхийлэл болсон хэвийн үзэгдэл юм. Эмэгтэй хүний үтрээнээс тодорхой хугацааны мөчлөгтэйгээр цус гадагшлах үзэгдлийг сарын тэмдэг ирэх гэнэ. Сарын тэмдгийн мөчлөг нь сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртлэх хугацааг хэлнэ. Ихэвчлэн 20-иос цөөнгүй 35-аас олонгүй хоногийн мөчлөгтэй байдаг.

Сарын тэмдгийн мөчлөг нь даавраар зохицуулагддаг. Өнчин тархинаас ялгарсан цэврүүнцэр сэдээгч болон шар бие идэвхжүүлэх даавар нь цусаар дамжин өндгөвчинд нөлөөлнө. Цэврүүнцэр сэдээгч дааврын нөлөөн дор өндгөвчин дэх олон цэврүүнээс 1-2 нь хөгжин томорч, дотор нь өндгөн эс боловсорч үр тогтох чадвартай болж, цэврүү хагаран өндгөн эс гадагшилдаг. Үүний дараа шар бие идэвхжүүлэх дааврын нөлөөгөөр цэврүүний суурин дээр шар бие үүснэ. Энэ үйл явцын зэрэгцээ өндгөвчинд эм бэлгийн даавар болох эстроген ба шар биеийн даавар ялгардаг. Эдгээр даавар нь эмэгтэй хүний галбир төрхийг эмэгтэй шинжтэй болгохын зэрэгцээ умайн дотор ханыг үр тогтсон өндгөн эсийг хүлээн авахад бэлтгэн, зузаан хөвсгөр болгодог. Өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эс нь үр дамжуулах хоолойд ордог. Энд эр бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Хэрэв өндгөн эс эр бэлгийн эстэй нийлээгүй буюу үр тогтоогүй бол бэлтгэгдсэн умайн дотор хана ховхорч гуужин үтрээгээр дамжин гадагш гарна. Үүнийг сарын тэмдэг ирэх гэнэ.

Сарын тэмдгийн мөчлөгийг хоёр хувааж үздэг. Эхний хэсэг нь сарын тэмдэг ирж эхэлсэн өдрөөс өндгөн эс боловсорч, гадагшлах хүртэл, дараагийн хэсэг нь өндгөн эс гадагшласнаас дараагийн сарын тэмдэг ирэх хүртэл үргэлжилнэ. Өндгөн эс боловсорч гадагшлах нь тухайн үеийн биеийн ба сэтгэл санааны байдал, хооллолт зэргээс хамаарч тогтмол бус байдаг. Өндгөн эс гадагшласан үед жирэмслэх боломжтой. Иймээс сарын тэмдэг ирэх нь жирэмслэх боломжтой болсны шинж юм.

Сарын тэмдэг анх ирэх нас нь хүн бүрт адилгүй боловч 10-16 насанд ирдэг.
Сарын тэмдэг нэг удаа ирэхдээ 2-7 хоног үргэлжилдэг ба ойролцоогоор 50-150 мл цус гарна. Сарын тэмдгийн эхний өдөр гарах цусны хэмжээ бага, хоёр, гурав дах өдөр нилээд ихээр гарч байгаад хэмжээ нь багасдаг. Сарын тэмдэг ирэхийн өмнө хөх хөндүүрлэх, ууц нуруу , хэвлийн доод хэсгээр бага зэрэг эвгүй оргих, базлах зэрэг шинж гарч болдог. Сарын тэмдэг анх үзэгдснээс хойш 1-2 жилийн дотор өсвөр насны зарим охидын мөчлөг тогтмол биш байдаг нь хэвийн үзэгдэл юм.

Сарын тэмдэг анх ирж эхлэж байгаа үед охид айж, ичих, энэ нь хэвийн эсэхэд эргэлзэж хэн нэгнээс зөвлөгөө авахыг эрэлхийлдэг. Ээж, эгч нь түүнтэй ойр дотно байж, ярилцдаг охид илүү тайван байдаг. Охид муухай үнэр үнэртэх, хувцас нь цус болчих зэргээс болон бусад хүмүүс сарын тэмдэг нь ирсэн гэдгийг мэдчихээд шоолох байх гэдгээс айдаг. Сарын тэмдгийн үед хувийн ариун цэврийг сахих нь маш чухал. Бэлэг эрхтний гадна хэсгийг усаар угааж, тохирсон ариун цэврийн хэрэгслийг өдөрт хэд хэдэн удаа солих хэрэгтэй. Харин үтрээг угаах шаардлага байдаггүй. Нүүр, гар угаахад зориулагдсан анхилуун үнэрт савангууд нь цочрол өгч, харшил үүсгэдэг учир хэрэглэх нь зохимжгүй.

Сарын тэмдэг ирэх үед охид өөрсдийн ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж, өдөр тутмын хэвшсэн дэглэмийг өөрчлөх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх нь зовиуртай байдаг тул дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөнө. Үүнд:
  • хоол, ундандаа хэрэглэх давсны хэмжээг багасгах,
  • буцалсан ус өдөрт 1-1.5 литр хүртэл уух,
  • хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих,
  • бүлээн шүршүүрт орох,
  • өвдөг, тохой дээр тулж хэвтэх,
  • нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан багахан тойргоор эргүүлэх,
  • өвчин намдаах эм уух зэрэг
Эдгээр аргууд үр дүнгүй, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинжүүд байнга үзэгдээд байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Түүнчлэн сарын тэмдэг олон хоногоор, ихээр ирдэг, эсвэл 16 нас хүрсэн боловч сарын тэмдэг ирээгүй охидыг эмчтэй уулзаж зөвлөгөө авахыг санал болгоно.

Сарын тэмдгийн хуанли хөтлөснөөр дараагийн сарын тэмдэг хэзээ ирэхийг ойролцоогоор мэдэх боломжтой.

Сарын тэмдгийн хуанли хөтлөх дасгалын хуудас

13 настай Ц охины сарын тэмдгийн хуанлийг хөтлөнө үү?

X сарын 11-нээс 5 хоног
XI сарын 8-наас 4 хоног
XII сарын 5-наас 5 хоног
I сарын 8-наас 5 хоног
II сарын 5-наас 6 хоног

Сарын тэмдэг ирсэн сар, өдөр

Дууссан сар, өдөр

Үргэлжилсэн хоног

Сарын тэмдгийн мөчлөг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл
RSS
Зочин   |2011-07-27 20:04:58
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.