Сарын тэмдэг анх ирэх нас нь хүн бүрт харилцан адилгүй
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн Өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх кабинетийн эмч М.Мөнххишигийн зөвлөгөөг охидууддаа хүргэж байна.
Сарын тэмдэг гэж юу вэ?
Шилжилтийн насанд өнчин тархины дааврын нөлөөгөөр охидын өндгөвчинд бэлгийн дааврууд боловсорч эхэлнэ. Эдгээр дааврын нөлөөгөөр бэлгийн бойжилтын шинжүүд илэрнэ. Шилжилтийн насны охидын биед гарах өөрчлөлтийн нэг нь сарын тэмдэг ирэх явдал юм. Тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр дамжин гадагшлах үзэгдлийг сарын тэмдэг ирэх гэнэ. Сарын тэмдэг ирэх нь охидын бие махбодид тодорхой мөчлөгтэй явагддаг нарийн үйл явцын гаднах илрэл нь юм. Охидын өндгөвчинд эм бэлгийн даавар болох эстроген, прогестерон үүсч эхэлдэг. Эстроген дааврын нөлөөгөөр өндгөвчинд өндгөн эс боловсрох ба умайн салст давхарга хөвсийж өндгөн эсийг хүлээн авахад бэлтгэгддэг. Прогестерон нь зузаарсан салстыг ховхрохоос сэргийлж, үр тогтсон тохиолдолд умайн салстад бэхлэгдсэн үр хөврөл, ургийг зулбахаас сэргийлдэг. Үр тогтоогүй тохиолдолд прогестерон даавар ялгарахаа болих ба умайн салст ховхорч, биений юм ирдэг. Цаашид энэ мөчлөг давтагдана.
Анхны биений юм ирэх нь амьдралын туршид олон удаа ирэх сарын тэмдгийн анхных нь гэсэн үг. Сарын тэмдэг анх ирэх нас нь хүн бүрт харилцан адилгүй. Анхны сарын тэмдэг 10-16 насанд ирэх нь хэвийн. Гарч байгаа зүйлийн 50-75 хувь нь цус, үлдсэн хэсэг нь салст, салиа зэрэг байдаг.
Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?
Сарын тэмдэг ирсэн өдрөөс дараагийн сарын тэмдэг ирсэн эхний өдөр хүртэлх хугацааг сарын тэмдгийн мөчлөг гэнэ Өсвөр насны охидод эхний үед сарын тэмдгийн мөчлөг нь тогтворгүй байж болно. Аажимдаа 1-2 жилийн дараа тогтмол мөчлөгтэй болно. Мөчлөг нь эмэгтэй хүн бүрт өөр өөр байдаг. Сарын тэмдэг тогтмолжсоны дараа 21-45 хоногийн мөчлөгтэй байвал хэвийн гэж үзнэ. Ямар ч насны эмэгтэйд сэтгэл санаа хямрах, уурлах, ядрах, хүнд ажил хийх, орчин огцом солигдох, ханиад томуу хүрэх зэргээс сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх нь бий.
Сарын тэмдэг ирсэн үеэс охид бүр хуанли хөтөлж сурах нь сарын тэмдгийн мөчлөгөө тогтоох, өөрийн эрүүл мэндээ хянахад тустай. Сарын тэмдэг нэг удаад ирэхдээ 2-8 хоног үргэлжилдэг ба ойролцоогоор 80 мл цус гарна.
Сарын тэмдэг ирсэн үед ямар дэглэм сахих вэ?
Сарын тэмдэг ирэх нь эмэгтэй хүн бүрт тохиолддог, хэвийн үзэгдэл учраас айж сандрах болон ямар нэг онцгой дэглэм сахих шаардлагагүй. Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвээр үргэлжлүүлж болно. Тухайлбал, шүршүүрт орох, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт.
Сарын тэмдэг ирсэн үед үтрээнээс гарах цусыг шингээх зориулалтай, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэнэ. Мөн ирсэн хугацаа, гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч, ариун цэврийн хэрэглэлийн төрөл, нимгэн зузааныг тохируулна. Цус хир гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг.
Сарын тэмдгийн үед умайн хүзүү нээгдэн, умайн салст давхарга ховхрон гарч байгаа тул шархтай талбай үүсдэг, өгсөх замаар бактери орох боломжтой, цус нян үржих таатай орчин болдог тул бэлгийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих нь чухал. Илүү ойр ойрхон шүршүүрт орох ба өдөрт 2-3 удаа гадна бэлэг эрхтнээ саван хэрэглэн бүлээн усаар угааж байх хэрэгтэй.
Сарын тэмдэг ирэхдээ өвдөх ёстой юу?
Сарын тэмдэг ирэх нь өвчин биш учраас ямар нэг зовиур шаналгаа гарах ёсгүй. Мөн зарим охидод сарын тэмдэг ирэхийн өмнөх өдрүүдэд ууц нуруугаар бага зэрэг хөших, чилэх, хөх болон хэвлийгээр үл ялиг хөндүүр байх хэмжээний зовиур гарах боловч ирсний дараа зүгээр болдог. Энэ ч хэвийн, санаа зоволтгүй. Харин үүнээс илүү зовиур шаналгаа гарсан үед эмчид хандаарай.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед өвдөлтийг намдааж болох аргууд:
• Ууц нуруун дээрээ, эсвэл хэвлийн доод талд, аль өвдөж байгаа хэсэгтээ бүлээн жин тавих
• Бүлээн шүршүүрт орох
• Халуун бүлээн шингэн уух
• Хэвлийн доод хэсэгт зөөлөн иллэг хийх
• Явган явах
• Өвдөг, тохой дээр тулж хэвтэх
• Дээшээ харж хэвтэн өвдгөө нугалан тойргоор эргүүлэх зэрэг хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж болно.
|