Танд хэрэгтэй мэдээлэл
 
 

Улс орон бүхний бизнесийн соёлоос танилцуулж байна. Монгол улстай сүүлийн хэдэн жилийн туршид эрчимтэй бизнесийн харилцаа тогтоогоод байгаа Япон болон Өмнөд Солонгос улсын соёлоос хүргэж байна.

-

Япон-
Япон хүн аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулдаг вэ?
Ерөнхийдөө гадны нөлөөнд автдаггүй хүмүүс боловч өөрсдийн бүлэг дотроо санаагаа чөлөөтэй солилцож нээлттэй байдаг. Бүлэгтээ үнэнч байдал нь тэднийг тодорхой, бодитой болгож өгдөг. Тэд бусдын хэрэгцээг урьдчилан мэдэж чаддаг хэмээн бахархдаг хүмүүс. Япончууд юуг баталгаатай хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ гэвэл тэд бодит байдлаас илүүтэйгээр өөрийн мэдрэмжинд итгэдэг.

Зан суртахууны онцлог
Хуучин зан үйлийн тогтолцоо нь өнөө үед эрс өөрчлөгдөж байна. Бүлгийн дундаас гаргасан шийдвэрт хувь хүний санаа бодол давамгайлах нь үгүй. Ер нь бүлгийн хамтач сэтгэлгээ давамгайлдаг. Япон хүний хувьд аливаа зүйлд санаа зовних нь их байдаг. Японд ихээхэн хүчтэй тогтносон бүлгийн хамтын ажиллагаа, албан ажлын ёс зүй нь нийгмийн амьдралын тогтворжилтыг хангаж өгдөг. Хүүхэд байхаасаа сэтгэл хөдлөлөө барьж сурах ба тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор зан байдал нь илэрдэг.

Бизнес уулзалт
Бүхий л цагт нягт нямбай байх хэрэгтэй. Ихэнх албан газрууд нь 9.00-17 .00,17.30 цаг хүртэл ажилладаг. Япончууд зарим үндэсний баяруудынхаа үеэр долоо хоногийн хугацаатай амарч, өвөг дээдсээ нутаглуулсан газарт очиж  хүндэтгэл үзүүлдэг. Тухайлбал: 12 сарын 28-наас 1-р сарын 3-нд шинэ жилийн баяр, 4-р сарын 29-нөөс 5-р сарын 5-нд Алтан долоо хоног баяр, 8-р сарын дундуур Обон баяр болдог байна. Энэ үеэр бизнесийн ажлаар Япон улсыг зорих нь үр дүн багатай ажээ. Нэрийн хуудсыг маш чухалд тооцдог. Нэрийн хуудсыг танилцангаа барих боловч бөхийн мэндчилсний дараа солилцдог. Хэрэв нэрийн хуудас тань Япон хэл дээр хэвлэгдсэн бол тэр талаар нь хандуулж өгдөг. Япон хүний нэрийн хуудсыг аваад заавал уншиж үзэх хэрэгтэй. Түүнчлэн нэрийн хуудсыг халаасандаа хийх, хэтэвчиндээ хийгээд өмднийхөө арын халаасанд хийх явдал нь бүдүүлэгт тооцогдоно. Япон хүний дэргэд нэрийн хуудсан дээр тэмдэглэл хийж болохгүй.

Гэрээ хэлцэл
Япон хүний хариулт "Би үүнийг анхаарч үзье" гэсэн бол тэр нь үнэн хэрэгтээ "Үгүй" гэсэн үг ажээ. Гэрээ хэлцлийг дээд албаны хүмүүс нь гүйцэтгээд дунд түвшний ажилтнууд нь үргэлжлүүлдэг. Гэрээ хийгдсэнээр эцсийн тохиролцоонд хүрлээ гэж үзэж болохгүй. Асуудлаас шууд татгалзах бус, тойруу замаар эсрэг байр сууриа илэрхийлэх нь зүйтэй.

Бизнес зоог
Бизнес дайллага нь ихэвчлэн ажил дууссаны дараа баар, ресторан, караоке зэрэгт зохион байгуулагдана. Таныг урьсан түншдээ өөрийнхөө өмнөөс хоол захиалахыг зөвшөөр. Хоол идэх үедээ хөгжилтэй бай. Хоолны дараа маш их баярлаж талархсанаа илэрхийл. Хэрэв Япон айлд уригдсан бол таныг өндөр хэмжээнд хүндэлж буйн илэрхийлэл тул үүнд маш ихээр талархаж байгаагаа харуул. Япон айлд орох үедээ үүдэнд нь гутлаа тайлаад гэрийн шаахайнаас өмсөх хэрэгтэй. Бие засах газар орохдоо мөн шаахайгаа солиод, гарахдаа гэрийн шаахайг солин өмсдөг. Оройн зоогийг ерөнхийдөө удаан иддэг ч 23.00 цаг гэхэд дууссан байдаг. Савхаараа бусдыг зааж ярьдаггүй.

Мэндчилгээ
Япончууд гар барин мэндчилэх нь түгээмэл болсон. Гэхдээ сулавтар атгах ба тэр нь ямар нэг утга илэрхийлдэггүй. Уламжлалт ёсоор мэхийн мэндчилдэг. Гэхдээ мэхийлтийн түвшин бүр нь тодорхой хүндэтгэлийн зэрэглэлтэй байдаг. Дор мэхийн мэндлэх тусам илүү хүндэтгэж буйн илэрхийлэл болдог. Хүндэтгэлийн дуудлага Япон хүний нэрийн ард ноён, хатагтай гэсэн утгатай "san" гэдэг үгийг залгаж хүндэтгэлийн утга илэрхийлдэг.

Дохио зангаа
Америкчуудын "ok" гэсэн тэмдэг болох эрхий болон долоовор xypyyгaa дугуйруулан нийлүүлж харуулдаг дохио нь Япон хүний хувьд "мөнгө" гэсэн утгатай. Хуруугаа зааж чичлэн ярих нь бүдүүлэгт тооцогдоно. Харин гарын алгыг дээш нь харуулан дэлгэсэн байдалтайгаар зааж ярьдаг. Инээмсэглэл нь тааламжтай байдлын илэрхийлэл болдог ч заримдаа өөрийгөө хянасан эсвэл тааламжгүй байгаагаа далдлах зорилгоор ашигладаг.

Бэлэг дурсгал
Бизнесийн зорилгоор бэлэг өгөх явдал түгээмэл. Бэлэг өгөх хамгийн тохиромжтой үе нь жилийн хагаст (7 сарын 15), төгсгөлд (1 сарын 1) байж болдог. Япон хүний хувьд бэлэг гардуулан өгөх ёслол их чухалд тооцогддог. Хоорондоо бэлэг солилцох гэж буй бол эхлээд Япон түншийнхээ бэлгийг аваад өөрийнхөө бэлгийг өгөөрэй. Бэлэг тань ижил чанартай байх ёстой. Япон хүний бэлгийг авсан даруйдаа задалж үздэггүй. Тэр нь таны бэлгийг тоохгүй байна гэсэн үг биш. Сайн бэлэгэнд өөрийн орны үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн, гар урлал уран зураг ордог. Япон хүнд бэлгээ боодолтойгоор өгөх нь зүйтэй. Гэхдээ хар, цагаан өнгийн боодлыг бүү сонгоорой. Та Япон айлд уригдвал цэцэг, бялуу эсвэл чихэр авч очоорой. Цагаан өнгийн цэцэг гашуудлын утгаар хэрэглэгддэгийг анхаар. Тэгш тоотой бэлэг, цэцэг өгөхөөс зайлсхий. Тэр тусмаа дөрвийн тооноос болгоомжил. Дөрвийн тоог муу ёрын тоо гэж үздэг.

Бизнес хувцаслалт
Эрчүүд уламжлалт костюм болон үдээсгүй гутал өмсөх нь түгээмэл. Бүсгүйчүүд мөн хослол, гэхдээ өмд өмсдөггүй. Өндөр өсгийтэй туфлийг өдөр тутам өмсөхгүй бөгөөд үнэт эдлэл, сүрчиг, нүүрний будгийг тохируулж багахан хэрэглэдэг. Япон хүн цэвэрхэн хувцаслахыг эрмэлздэг. Хэрвээ та "кимоно" өмсөх бол зүүн энгэрийг баруун дээгүүр давуулан бүслээрэй. Нас барсан хүнд эсрэгээр өмсгөдгийг анхаараарай.

-Өмнөд Солонгосын бизнесийн соёл-
Өмнөд Солонгосчууд аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулдаг вэ?
Өмнөд Солонгосын соёлын онцлог нь гадаад ертөнцийн нөлөөллөөс хаалттай байх үндсийг тавьж өгдөг. Боловсролын тогтолцоо нь аливаа зүйлд уялдаа холбоотойгоор өөрийн байр сууринаас хандахыг сургадаг. Ямар ч нөхцөл байдалд тухайн хүний оролцоо хүчтэй байдаг.

Өмнөд Солонгосчууд юуг баталгаатай хэмээн зөвшөөрдөг вэ?
Аливаа асуудалд өөрийн мэдрэмж, зөн билэгтээ тулгуурлан хандана. Үндсэрхэг үзэл нь тэдний амьдралын хэв маяг, итгэл үнэмшилд шингэсэн байдаг.

Зан суртахууны онцлог
Хүн бүр хариуцсан ажлынхаа хувьд өөрийн үүргээ ухамсарласан, тухайлбал удирдаж байгаа хүндээ итгэл хүндэтгэлтэйгээр хандах, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэг, удирдуулж буй хүмүүстээ шударга, нинжин сэтгэлээр ханддаг зэрэг нь Өмнөд Солонгосчуудын гол онцлог билээ. Хамтач үзэл давамгайлдагаас улбаалан шийдвэрийг хамтын зөвшилцөөнөөр гаргах боловч түүнд удирдагчийн нөлөө хүчтэй байдаг. Нийгмийн амьдралд гэр бүлүүдийн гүйцэтгэх үүрэг ихтэй. Албан ажлын ёс зүйг чанд баримталдаг, найз нөхөд бололцвол насан туршдаа нөхөрлөдөг хүмүүс. Бизнест багийн хамтын ажиллагааг чухалд тооцно. Залуус нь ахмадууддаа хүндэтгэлтэйгээр хандах ба ахмадууд нь залуусыг чиглүүлж өгдөг.

Бизнес уулзалт
Солонгосчууд ихэнх тохиолдолд ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулдаг. Харилцаж буй түнштэйгээ гүнзгий харилцаа тогтоох нь бизнест ихээхэн чухал байдаг. Өмнөд Солонгост нас, албан тушаал, цол хэргэм чухал асуудал байдаг. Бүлэг хэсгээрээ уулзалтанд оролцох үед хамгийн өндөр албан тушаалтан нь түрүүлж орох ба улмаар бусад нь зэрэг дэвийн дагуу дараалан орцгоодог. Даваа-Баасан гарагт 09-17 цагийн хооронд, Бямба гарагт 09-13 цаг хүртэл ажилладаг. Бизнес уулзалт хийх хамгийн тохиромжтой цаг нь өглөө 10-11 цаг, өдөр 14-15 цаг хүртэл байх ба өмнө нь заавал тохирсон байх хэрэгтэй. Солонгос бизнесмэнүүд 7-р сарын дунд үеэс 8-р сарын дунд үед ихэвчлэн амралтаа авдаг. Мөн 10-р сарын эхэн үе болон баярын өдрүүдээр бизнес уулзалт товлох боломжгүй юм.

Гэрээ хэлцэл
Бизнест хувийн харилцаа холбоо хүчтэй хамааралтай. Солонгос түнштэй хамтран ажиллахдаа чин сэтгэлээсээ үнэнч хандвал ихээхэн амжилт олдог. Нүүр тулан уулзаж ажил хэргээ ярилцах нь үр дүнтэй. Солонгосчуудын шийдвэр гаргахыг тэвчээртэй хүлээх нь зүйтэй. Хүлээлгэх нь нэг талаар асуудлыг нягтлан үзэх тэдний тактик байдаг. Солонгос бизнесмэнтэй ажил хэрэг ярихын өмнө өөрийн саналыг урьдчилан илгээж танилцуулахыг зорих хэрэгтэй. Бизнесийн танилцуулгын эхэнд болон төгсгөлд гол асуудлуудыг дахин тодруулж цохон тэмдэглэх хэрэгтэй. Хоорондоо танилцаж буй бизнесийн хэсэг бүрийн дунд асуулт хариулт явуулах нь их чухал байдаг. Танилцуулга сурталчилгааны материалдаа гурвалжин дүрсийг бүү ашиглаарай, энэ нь тэдэнд сөрөг утгыг илэрхийлдэг. Солонгосчууд даруу төлөв байдлыг эрхэмлэдэг. Албан тасалгаанд таныг уриагүй бол бүү ор, асуухаасаа өмнө сандал дээр бүү суу. Танд найрсагаар хандвал адилхан эелдэгээр хариу барь. Солонгосчууд түүх соёлоороо ихээхэн бахархдаг бөгөөд энэ нь тэдний дүр төрхийг бүрдүүлдэг хэмээн үздэг. Тэдний дэргэд Япончуудын талаар бүү дурс. Энэ нь үл ойлголцол бий болгох үр дагавартай. Нэрийн хуудсыг маш чухалд тооцдог учир Англи, Солонгос хэл дээр нэрийн хуудас бэлтгэх хэрэгтэй. Нэрийн хуудсыг баруун гараараа өгч, авалцдаг. Түрийвчээ өмдний арын халаасанд хийх бол түүнд нэрийн хуудсыг бүү хий. Нэрийн хуудасны ард юм бичиж тэмдэглэдэггүй. Солонгос түнш хувийн чанартай асуулт асуувал бүү гайхаарай. Жишээлбэл, "Та хэдий хэмжээний цалин авдаг вэ?" гэх мэт асуултууд нь энгийн зүйл ажээ. Ийм асуулт нь таны цол хэргэм, нийгмийн байр суурийг тодорхойлоход чиглэсэн байдаг.

Бизнес зоог
Бизнес зоогийг ихэвчлэн ресторанд зохион байгуулна. Хэрэв та айлд уригдсан бол энэ нь том хүндэтгэлийн илэрхийлэл. Таныг урьсан түнш тань өөрөө эхлээгүй бол хоолны үед ажил хэрэг ярих хэрэггүй. Талархлаа илэрхийлэхдээ бөхийн ёсолдог. Солонгос айлд, ресторанд, сүм хийдэд орох үед гутлаа тайлдаг заншилтай. Бусдыг урьсан хүн нь үнийг нь төлдөг. Залуу хүн ахмад хүний өмнөөс мөнгө төлөх нь эелдэгт тооцогдоно. Хооллож дуусаад савхаа ширээн дээр эсвэл зориулалтын суурин дээр тавь. Аяган дээр зэрэгцүүлэн тавих нь "муу" гэсэн тэмдэг. Савхаа будаандаа зоож орхих нь амтгүй хоол гэсний тэмдэг болдгийг анхаараарай. Тавагтай хоолыг баруун гараар дамжуул, хамт хооллож буй хүний тань шөлний аяга хоосон байвал дүүргэж өгөх нь эелдэг зан болно. Хоосон хундагыг ч бас дүүргэж өгдөг. Хэрэв та нэмэхийг хүсэхгүй байгаа бол хундагаа бүү хоослоорой. Нийтийн дунд тавигдсан хоолноос савхаар авч аяга руугаа шууд хийх нь ес алдсан хэрэг. Эхлээд өөрийн таваг, аяганд аваад дараа нь савхаараа идэх нь зүйтэй. Хоолоо гараар барьж иддэггүй. Яс үлдэгдлийг ширээн дээр эсвэл тусдаа тавган дээр тавьдаг. Хоолны таваг болгоныг хоослох хэрэггүй. Энэ нь "одоог хүртэл өлсгөлөн байна, урьсан хүн тань хангалттай хоол өгч чадахгүй байна" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Хэрэв танд нэмж хоол захиалахыг санал болговол хэдий хүсэж байсан ч хоёр удаа татгалзаж гурав дахь удаад нь зөвшөөр. Хэрвээ та өөрөө дайлж буй зочиндоо дахин хоол захиалахыг хамгийн багадаа гурван удаа санал болго. Зоогийн төгсгөлд дуу дуулах санал тавих нь түгээмэл. Хэрвээ танаас дуулахыг хүсвэл бүү татгалз. Ярианы боломжит сэдвүүдэд Солонгосын соёлын өв дурсгалууд, цаасан шувуу, спорт зэрэг ордог ба улс төр, социализм, коммунизм, Япон улс, гэр бүлийн амьдрал эхнэрийн тухай ярианаас зайлсхий.

Мэндчилгээ
Солонгос эрчүүд өөр хоорондоо бага зэрэг бөхийн мэндчилдэг ба зарим тохиолдолд үргэлжлүүлэн гар барьдаг. Зүүн гараар баруун гарын бугуйг түшин гар барих нь их хүндэтгэж буйн тэмдэг. Залуу хүн ахмад хүнд түрүүлж мэхийн мэндчилдэг. Ахмад хүн нь түрүүлж гараа сунгаж гар барьдаг. Гарыг сулавтар атган, толгой дохин мэндчилэх нь түгээмэл. Бүсгүйчүүд ховорхон тохиолдолд гар барин мэндчилдэг. Эрчүүд Солонгос бүсгүйчүүдтэй гар барин мэндчилэх гэсний хэрэггүй. Хүнтэй танилцах үедээ гуравдагч этгээдээр дамжуулан танилцах нь зүйтэй байдаг.

Хүндэтгэлийн дуудлага
Солонгос хүний нэр нь, нэгдүгээрт эцгийн нэр буюу овог, хоёрдугаарт удмын буюу аймаг угсааны нэр, гуравдугаарт өөрийн нэр гэсэн дараалалтай байдаг Жишээлбэл: "Ким Хён Сим" гэдэг Ким нэрийн эцгийн нэр, Хён удмын нэр, Сим өөрийн нэр болдог. Солонгос хүнийг хүндэтгэн авгайлахад ноён, хатагтай гэх хэллэгийг овгийн нэрийн хамт хэлдэг. Гэрлэсэн бүсгүйчүүд өөрсдийн нэрээ хадгалж үлддэг. Хэрэв та нэрийг нь мэдэхгүй эмэгтэйтэй ярилцах болбол нөхрийнх овгийн нэрээр хатагтай гэж авгайлж болно.

Дохио зангаа
Солонгосчууд хүний мөрөн дээр гараа тавьдаггүй. Ахмад настантай уулзах, эсрэг хүйсийн хүмүүс болон дотны нөхөд бус хүмүүс харилцах үедээ бие биедээ хүрээд байдаггүй. Ахмад хүмүүстэй гар барих, юм дамжуулж өгөх, авах үед зүүн гарын алгаар баруун гарын тохойг дэмнэж хүндэтгэл үзүүлдэг. Хүн дуудахдаа гарын нэг хуруугаа дохих нь бүдүүлэгт тооцогдоно, Эвшээлгэх болон шүдээ чигчлэх үедээ амаа гараараа халхалдаг.

Бэлэг дурсгал
Солонгос хүнд өгөх боломжийн бэлэгэнд хувийн хэрэглээний бус зүйлс, гар урлалын зүйлс орно. Солонгос айлд уригдвал жимс, шоколад, жижиг дурсгалын зүйлс өгдөг. Архи дарсны зүйлийг зөвхөн эрчүүдэд өгөх нь зохимжтой. Бэлгийг үргэлж хоёр гараараа өгч, авалцах хэрэгтэй. Бэлгийг өгсөн хүнийхээ дэргэд задалж үздэггүй. Бэлгийн хариуд ижил үнэ цэнэтэй бэлгийг буцааж өгдөг заншилтай.

Бизнес хувцаслалт
Эрэгтэйчүүд костюм, зангиа, цагаан цамц ихэвчлэн өмсдөг. Бүсгүйчүүд хослол, цамц, банзал, даашинз өмсдөг. Ихэнх тохиолдолд ресторанд, гэрт шалан дээр суудаг учир бариу банзалаас зайлсхийх хэрэгтэй. Шар болон ягаан өнгийн хувцас өмсөх нь ховор байдаг.

-Англи-
Англичууд аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулдаг вэ?
Англи хүн ерөнхийдөө олонх асуудлын хувьд маргаанд оролцох дуртай, үзэл бодлоосоо тийм ч амархан татгалздаггүй. Мэдээлэлд өөрийн ойлголт, үзэл бодлын үүднээс нэлээд дүн шинжилгээ хийж боловсруулдаг. Аливаа асуудалд агуулгын талаас хийсвэрлэн хандахаас илүүтэйгээр хууль, дүрэм журмыг баримтлахыг зорьдог. Англичууд юуг баталгаатай хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ?
Зөвхөн бодит баримттай зүйлд итгэдэг. Мөн тухайн асуудлын талаар өөрийн мэдрэмжинд бага зэрэг найдна. Тэд асуудлыг дуугүй өнгөрөөхдөө гарамгай хүмүүс.

Зан суртахууны онцлог
Англичууд ихээхэн бие даасан хүмүүс болохын хамт өөрсдийн гаргасан шийдвэрт хариуцлага хүлээж чаддаг. Бие даан санаачлага гаргах, бусдыг манлайлахыг чармайх нь түгээмэл. Тэд "Үгүй" гэсэн хариултыг хэлэхээс санаа зовдоггүй бөгөөд хувийн амьдралын асуудлыг бизнес ажил хэргийн үед хэзээ ч ярьдаггүй. Бүх зүйл нь хуульчлагдсан байдаг учир хүмүүсийн амьдрал нь тогтвортой, харин найз нөхдийн харилцаа цөөн. Цагийг нарийн баримталдаг учраас товлосон хугацаанаас хоцорвол сэтгэл нь ихээхэн зовиндог. Сэтгэлийн хөдөлгөөнөө олны дунд харуулаад байдаггүй. Англи нь Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант улсын зөвхөн нэг хэсэг нь билээ. Их Британий олон улсын бизнесийн ихэнх нь англиар дамждаг байна. Их Британи гэдэгт Англи, Уэлс, Шотландчуудын оршин суудаг газар нутгууд хамаардаг. Хэдийгээр Англичууд нь Британий "Brits" хэмээх нэрлэгддэг уугуул оршин суугчдыг бүрдүүлдэг боловч Уэлс, Шотланд хүн ийм нэрэнд дургүй байдаг. Умард Ирланд нь "Eire" арлаас ирсэн хүнийг "Brits" хэмээн дуудах нь буруу бөгөөд тэдний хувьд үүнийг доромжлол гэж үздэг байна. Их Британийг бүрдүүлж буй Англи, Шотланд, Уэлс, Умард Ирландийн аль аль нь өөрийн ялгаатай түүх, соёл, уламжлалтай ажээ.

Бизнес уулзалт
Ажил хэргийн айлчлалаа хэдэн өдрийн өмнө товлож, хүрэлцэн очихын өмнө заавал баталгаажуулах хэрэгтэй. Ажлын цаг нь даваа гарагаас баасан гаригт 9.00-17.00 хүртэл үргэлжлэх бөгөөд төр захиргааны байгууллагууд нь үдийн 13.00-14.00 орчимд хаадаг.

Гэрээ хэлцэл
Англи бизнес эрхлэгчтэй холбоо тогтоох хамгийн сайн зам нь бусдаар /гуравдагч этгээд/ дамжуулах танилцах явдал юм. Бизнесийн албан тушаал нь ерөнхий захирал, дэд захирал, орлогч дарга, менежерүүд гэсэн шатлалтай байдаг. Англичууд урт хугацааны ирээдүйгээс богино хугацааны үр дүнг чухалд үздэг. Англи хүн онц шаардлагагүй бол товлосон ажлаа өөрчлөхийг хүсдэггүй. Уулзалтын дараа өөрийн байгууллагын ажил хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Англи түншдээ үлдээх хэрэгтэй. Тэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлээд байдаггүй учир та ч мөн адил сэтгэлийн хөдөлгөөнөө барихыг хичээх хэрэгтэй. Англи хүнээс шийдвэр гаргахыг яаруулах хэрэггүй. Англи хүнээс "What do you do?" гэж acyyx нь хувийн амьдралд нь хэт халдсан хэрэг болно. Улс төр, шашин зэрэг сэдвийг ярилцахаас зайлсхийх хэрэгтэй. Англичууд өөрсдөө шүүмжлэлтэй ханддаг хүмүүс хэдий ч тэдний дэргэд бусдыг шүүмжлэн ярих нь зохимжгүй юм. Англи хүн өчүүхэн жижиг ч гэсэн хүндрэл, таагүй байдал бусдад учруулсан бол заавал уучлал, өршөөл хүсдэг байна. Амьтны тухай ярих нь тэдэнд таалагддаг, харин хааны гэр бүлийн талаар шог зүйл ярих болон угсаа гарлын талаар ярилцахдаа дуртай биш.

Бизнес зоог
Үдийн зоог 12.00-14.00 цаг орчимд барьдаг. Бизнес ажил хэргийн үдийн зоогийг ихэвчлэн уушийн газарт /pub/ хөнгөн хоол идэх хэлбэрээр зохион байгуулдаг. Дээд тушаалын дарга ажилтнууд нь ажил хэргийн зоогийг ресторанд болон тусгай уулзалтын газруудад барьдаг. Оройн хоолны цаг нь ресторанд 19.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ. Зоогийн үед зөөгчийг гараар даллан дуудах нь зохимжтой. Хэрэв та тамхи татдаг бол өөрөө тамхинаасаа авахаас өмнө бусдыг дайлах хэрэгтэй. Өөрөөс ахмад болон албан тушаал илүү хүнээс өрсөж хундага өргөх нь эелдэг зан биш. Хэрэв та зочин болж уригдсан бол явах санаачилгыг өөрөө гарга. Бизнес түншээ сайн мэдэх хүртлээ ямар нэг урилга өгөх хэрэггүй. Англичуудыг ямар нэг зүйлд урих бол ижил мэргэжил, ижил зиндааны хүмүүсийг урилгандаа багтаах нь зүйтэй. Хэрэв та түншүүдээ урьсан бол хамгийн сайн хүндэтгэлийн суудалдаа хамгийн ахмад, өндөр тушаалын хүнийг суухыг урь. Тэр хүн тань татгалзсан хариу өгсөн бол уригчийн нэрийн өмнөөс хүсэж байгаагаа хэл. Америкчууд хооллох үедээ сэрээг баруун гараараа эсвэл зүүн гараас баруун гартаа шилжүүлэн барих нь хэвийн үзэгдэл бол Англичууд зөвхөн зүүн гараар барьж хооллодог. Хооллох үедээ гараа ширээн дээрээ ил байлга. /тэгэхдээ тохойгоороо бүтэн гаргах хэрэггүй/ Тавган дээр тавигдсан хутга цөцгийн тосонд зориулагдсан байдаг. Зоогийн үед ширээн дээр өрөгдсөн бүх хоолыг амтлахыг хүсэх нь бүдүүлэг занд тооцогддог. Бусдын хоолноос амталж үзье хэмээн хэзээ ч бүү асуу. Эрчүүд нь ахмад хүмүүс болон бүсгүйчүүлд хаалга онгойлгон өгч, эмэгтэй хүнийг орж ирэхэд суудлаас өндийн мэндчилдэг уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар байна.

Мэндчилгээ
Ажил хэргийн уулзалтын үед зөөлөвтөр гар барьж мэндчилэх нь хэвшсэн ёс. Бүсгүйчүүд заавал гар барих шаардлагагүй. Хэрэв эмэгтэй хүн мэндчилэхээр гараа сунгаагүй бол эрэгтэй хүн хүлээх хэрэгтэй. Танилцахаар ярилцахдаа "Nice to meet you" гэж хэлэхийн оронд "How do you do" гэсэн хэллэгийг ашиглах нь илүү оновчтой.

Хүндэтгэлийн дуудлага
Бизнесийн цол хэргэм харилцан ярианд хэрэглэгддэггүй. Харилцаж буй хүнийхээ тухайд бусад хүмүүс хэрхэн хүндэтгэн дуудаж байгааг олж мэдэн, хэр сайн танил байхаас хамааралгүйгээр тэр дуудлагыг хэрэглэ. Эмч доктор, лам хувраг хүмүүсийн овгийг өмнө хүндэтгэлийн авгайлга хэрэглэдэг. Өөр бусад хүний нэрийг ярилцлагын үед давтан хэлэхээс зайлсхий. "Sir" гэдэг үгийг хэлэхийн оронд харилцагч хүнийхээ хэргэм цолыг шууд дуудах нь оновчтой. Жишээлбэл: "Yes, sir" гэхийн оронд "Yes Minister" гэж хэлбэл илүү тохиромжтой.

Дохио зангаа
Британичууд ярилцаж байхдаа өөр хүн рүү хэзээ ч анхаарал хандуулдаггүй. Хөлийн өсгийг өвдөг дээрээ тавьж суух нь бүдүүлэгт тооцогддог. Хэрэв "ялалт" гэсэн тэмдэг болгон хоёр хуруугаа "V" хэлбэрээр гозойлгох бол ямагт алгаа гадагш хандуулах хэлбэрээр хий. Хамраа таглаж буй дохио нь нууц гэсэн утга агуулна. Бусдын биед хамаагүй хүрч болохгүй. Тэр ч байтугай мөрөн дээр нь гараа тавих, нуруун дээр нь алгадах нь тэдэнд таагүй байдлыг үүсгэдэг. Англи хүн бусадтай харилцан ярилцахдаа нэлээд зайнаас ханддаг. Ярилцлага, уулзалтын үед илүү хөдөлгөөн хийхээс зайлсхий.

Бэлэг дурсгал
Англид бэлэг дурсгалыг ажил хэргийн харилцаанд чухал гэж үздэггүй. Бэлэг өгөхөөс илүү хоолонд эсвэл үзвэрт урихад тэд дуртай зөвшөөрдөг. Хэрэв Англи айлд уригдсан бол /цагаан сарнай гашуудалд хэрэглэхийг анхаарах хэрэгтэй/ ликёр, шампанск, шоколад авч очиж болно. Дараа нь талархлаа илэрхийлсэн зурас бичиж зарлагаар явуулах нь хүндэтгэлийн нэг хэлбэр.

Бизнес хувцаслалт
Бизнес хувцаслалтанд уламжлалт хэв маягын хувцас голдуу өмсдөг. Эрчүүд үдээстэй гутал өмсөх ёстой. Эрчүүдийн цамц халаасгүй, хэрэв халаастай бол тэр нь хоосон байх ёстой гэж үздэг. Эрчүүд судалтай зангиа зүүдэггүй. Түүнчлэн хувцаслат нь дээд зэргийн чанартай байх ёстой бөгөөд заавал шинэ байх албагүй.

-Франц-
Францчууд аливаа мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулдаг вэ?
Францчууд ерөнхийдөө аливаа мэдээллийг амархан хүлээн зөвшөөрдөг, санаа бодлоо ч амархан өөрчилдөг хүмүүс боловч хүчтэй уламжлал нь тэдэнд соёлын хэм хэмжээг зөрчсөн зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг шаарддаг. Санаа гаргах нь тэдний хувьд ч чухал бөгөөд тэд аливаа зүйлд үнэлэлт дүгнэлттэй, шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг. Франц хүн юуг баталгаатай хэмээн хүлээн зөвшөөрдөг вэ? Франц хүн асуудлын учир шалтгаанд дүн шинжилгээ хийн шүүмжлэлтэй хандахдаа уран сэтгэмж, логик уялдаа холбоотойгоор авч үздэг. Тэд маргалдах их дуртай хүмүүс.

Зан суртахууны онцлог
Өв соёлоороо бахархах байдал нь тэднийг биеэ тоосон хүмүүс мэт санагдуулах нь бий. Францчууд ихээхэн бие даасан хүмүүс болохын хамт шийдвэрийг аль болох түргэн гаргахыг эрмэлздэг байна. Тэдний боловсрол нь нийгэмд байр сууриа эзлэх гол шалгуур нь балдог. Францчууд нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв, албан тушаалд их анхаарал тавьдаг. Тэд эрсдэлээс зайлсхийхийн тулд ирээдүй нь хэдий эргэлзээтэй байсан ч урт хугацааны төлөвлөлтийг ихэвчлэн хийдэг бөгөөд олны дунд сэтгэл хөдлөлөө харуулахыг эвгүй зүйлд тооцдоггүй. Францад нийгмийн давхаргын ялгаа хүчтэй тогтносон бөгөөд хүн амын олонх нь дунд давхаргад хамаардаг.

Бизнес уулзалт
Ихэнх Францчууд долоо, наймдугаар сарын үед дөрвөөс ч таван долоо хоногийн хугацаатайгaaр амардаг. Уулзалтын үед нэрийн хуудсаа заавал солилцох хэрэгтэй. Танд өгсөн нэрийн хуудсанд маш нямбай хандах нь чухал. Нэрийн хуудсаа Франц хэл дээр хэвлүүлсэн бол сайн. Ажлын цаг нь өглөө 8.30, 9.30 цагаас эхлэн үдшийн 18.30, 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Парист өдрийн хоолны цаг 13.00 эхлэх бөгөөд орон нутагт 12.00, 12.30 эхэлж хоёр цагийн хугацаатай үргэлжилнэ. Уулзалт товлох хамгийн боломжийн үе нь өдрийн 11.00 цагаас өдрийн 15.30 хүртэл байдаг.

Гэрээ хэлцэл
Харцаараа ойлголцох явдал нь Францчуудын дунд түгээмэл байдаг. Албан тушаалын шатлалыг хатуу баримтладаг тул түвшин түвшиндээ асуудлыг шийддэг. Эмэгтэйчүүд ажилдаа алдаа гаргавал өршөөн өнгөрүүлэх явдал байдаггүй. Уулзалт ярилцлагыг хувийн асуултаар бүү эхэл. Уулзалтын явцад чанга дуугаар ярих, дохио зангаа хийх зэргээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх хэрэггүй.

Бизнес зоог
Бизнес ажил хэргийн зоог нь өглөө, өдөр, оройн зоогны хэдийд ч байж болох бөгөөд ерөнхийдөө өдөр байвал зүгээр. Үдийн зоог хоёр цаг орчим үргэлжилдэг. Оройн зоог 20.00-21.00 цагийн орчимд байдаг. Ажил хэргийн зоогийг идэх гэж буй хоолныхоо тухай яриагаар эхлээд бизнес ярилцлагаар үргэлжлүүлбэл зүгээр байдаг. Зоогийг санаачилсан тал төлбөрийг хариуцдаг. Хоол идэх үедээ хоёр гараа ширээн дээр байнга ил байлга. Захиалсан хоол тань аажим аажмаар ирдэг тул бүү яар. Хоолоо идэж дуусаад хутга, сэрээгээ тавган дээрээ зэрэгцүүлэн хөндлөн тавиарай. Хоолны өмнө хатуу ликёр бүү уу. Хоолны дундуур тамхи татах нь хоол идэх сонирхлыг бууруулдаг гэж үздэг байна. Хоолны үеэр дарс уух нь зуршил болсон зүйл. Хэрвээ та уухыг хүсэхгүй бол хоолны өмнө хундагаа доош харуулж тавь. Хувийн нууцыг нь хөндөхөд Францчууд дуртай биш байдаг.

Мэндчилгээ
Уулзаж танилцах, салах үедээ гар барилцах нь нийтлэг. Ерөнхийдөө бүсгүйчүүд нь гараа түрүүлж өгдөг. Найз нөхдүүд хацраараа шүргэлцэх болон хий үнсэх байдлаар мэндчилдэг.

Хүндэтгэлийн дуудлага
Залуу охидоос бусад эмэгтэйчүүдийг "Madame" гэж дуудах нь тохиромжтой. Франц хүнийг өөрөө хэлээгүй бол нэрээр нь дуудах хэрэггүй. Сайн танихгүй хүнээ нэрээр нь дуудах бол бүтэн овог нэрээр нь дуудах нь чухал. Тэд нэг их нөхөрсөг хүмүүс биш. Хэрвээ та Францаар ярьж байгаа бол "vous" буюу та гэсэн хүндэтгэлийн хэллэгийг хэрэглэх, зөвхөн тэднийг зөвшөөрсөн тохиолдолд "tu" буюу чи гэж дуудах нь зүйтэй. Франц хүн зарим тохиолдолд овгоо нэрнийхээ өмнө оруулж танилцуулдаг. Жишээ нь: "Clotilde Perault" гэдэг овог нэрээ "Perault Clotilde" гэж танилцуулах нь ч бий. Үүнийг лавлаж асуух нь зүйтэй.

Дохио зангаа
Эрхий хуруугаа гозойлгон дохих нь бүх зүйл "ОК" буюу сайн гэсэн үг. Америкчуудын хувьд сайн гэсэн утгатай эрхий, долоовор хурууны үзүүрээ нийлүүлэн тойрог болгон харуулдаг дохио тэдний хувьд эсрэгээр муу гэсэн тэмдэг аж. Зангидсан нударгаа нэг гарын алгаар хавсран таших нь бүдүүлэгт тооцогддог. Олны дунд бохь зажилахыг бүдүүлэг гэж үздэг. Өрөөнд зочин болон удирдах хүн орж ирвэл эрчүүд суудлаасаа босох болон хагас өндийх хөдөлгөөн хийн мэндчилнэ.

Бэлэг дурсгал
Эхний уулзалтын үед яарч бизнес агуулгатай бэлэг өгөх хэрэггүй. Хэт өглөгч эсвэл хэт нарийн байх явдлаас зайлсхий. Өөрийн компанийн лого /таних тэмдэг/ бүхий бэлэг бүү сонго. Өгч буй бэлэгэндээ нэрийн хуудсаа дагуулах хэрэггүй. Сайн чанартай ухаалаг сонголттой бэлэгэнд ном, хөгжим, дуу хуурцаг ордог. Айлд уригдсан бол цэцэг /сарнай, удвал цэцгээс бусад/, зөөлөн чихэр, шоколад, ликёр зэргээс сонгон авч үдэшлэгийн өмнө өгдөг. Дарс авч очих хэрэггүй. Баярласнаа илэрхийлсэн зурвас заавал илгээх, хэрэв хүсвэл цэцэг, сагс жимсний аль нэгийг илгээ.

Бизнес хувцаслалт
Францчууд хувцаслалтын талаар өндөр мэдлэгтэй, өргөн сонголттой хүмүүс тул сайн чанарын хувцас өмсөх дуртай. Францын хойд зүгийн нутгуудад эрчүүд нь өвөлдөө бараан өнгийн костюм өмсдөг.

Сэтгэгдэл
RSS
Зочин   |2011-04-05 20:31:51
Зочин   |2011-04-05 20:32:46
гоё ч юм шиг хэрэгтэй хэрэггүй юм зөндөө байна өөө гэж
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Холбоотой мэдээлэл

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.