Мөөгөнцөртөх
Үүсгэгч нь эрүүл хүмүүсийн бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд цөөн тоогоор байдаг мөөгөнцөр. Хүний халдвар хамгаалах чадвар дархлал суларсан үед мөөгөнцөр идэвхтэй үржиж, өвчин үүсгэдэг. Энэ нь бэлгийн замаар халдварлах боломжтой. Антибиотикийн их хэмжээгээр хэрэглэсэн үед үүсч болно.
Хурц илрэлийн үед бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох, өтгөн цагаан ээдэм ялгадас гарна.
Ялгадаснаас авсан наацын шинжилгээгээр оношлоно. Бүрэн эмчлэгдэх боловч, нилээд хугацаа шаардана.

Сэтгэгдэл
RSS
Зочин   |2009-06-02 14:31:42
Нэгэн эмчийн зөвлөгөөг хүргэе:
Ихэнх эмэгтэйчүүд мөөгөнцрийн талаар мэддэг. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид нэг удаа энэ асуудалтай тулгардаг гэдэг. Замбараагүй эм тариа хэрэглэдэг манай орны хувьд энэ тоо хавьгүй өндөр байх магадлалтай.

Уг нь эмчлэхэд амархан боловч архагших, ижил шинжтэй өвчин эмгэгийг андуурах, буруу эмчлэх явдал элбэг ажиглагддаг. Мөөгөнцрийн халдвар үрэвслийн асуудалтай өдөр болгон тулгардаг тул хамгийн их асуудаг асуултууд дээр тулгуурлан тайлбарлая.

Мөөгөнцөр гэж юу вэ?
Ямар ч эрүүл эмэгтэй хүний үтрээнд байдаг бичил биет. Гагцхүү хэт ихсээд, шинж тэмдэг өгөөд, хүнд зовиур учруулаад эхлэхээр мөөгөнцрийн халдвар үрэвслийн асуудал үүснэ.

Яагаад мөөгөнцрийн халдвар үүсдэг юм бэ?

* Хамгийн олон шалтгаантай гэж ойлгож болно. Хамгийн түгээмэл нь үтрээг дотуур угааж цэвэрлэх явдал. Ингэснээр мөөгөнцрийн үржлийг дарж байдаг нянгуудын тоо багасдаг.
* Удаан хугацаагаар антибиотек хэрэглэснээр үтрээний байх ёстой нянгууд мөн устаж, улмаар мөөгөнцөр ихсэнэ.
* Стеройд төрлийн эм хэрэглэх үед үүснэ.
* Мөөгөнцөр мөн зарим тохиолдолд жирэмснээс хамгаалах өдөр тутам уудаг дааврын эмтэй холбоотой үүсдэг.
* Биеийн эсэргүүцэл суларсан, ядарсан, сульдсан, дархлаа суларсан үед мөөгөнцөр үүснэ.
* Бариу жинс өмд хүртэл нөлөөлнө.

Ер нь нойтон, чийгтэй, халуун, харанхуй орчинд мөөгөнцөр маш хурдан үржинэ. Хэвийн нянгууд нь байхгүй болвол үтрээ бол мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой газар болно.

Урьд нь мөөгөнцрөөр өвдөж байгаагүй бол яаж мэдэх вэ?
Хамгийн эхний өөрт мэдэгдэх, хэвийн бус гэж санагдах шинж бол гадна бэлэг эрхтэн загатнаж эхлэх явдал юм. Загатнаа ихэвчлэн маш хүчтэй байдаг тул маажиж, шархлуулах явдал гардаг. Гэхдээ ганцхан мөөгөнцрийн үед хүчтэй загтнахгүй шүү, өөр өвчин ч бий. Дараагийн шинж тэмдэг бол ээдэм шиг зузаан цагаан ялгадас ихээр гарна. Цагаан буртгансан шинжтэй ч байна. Гадна бэлэг эрхтэн, бэлгийн уруул орчим улайж хавдана. Халуун оргих, бэлгийн харьцааны үед өвдөх зэрэг шинж мөн илэрч болно.

Хүн болгон ижилхэн шинж тэмдэг илрэх үү?
Ихэвчлэн ижилхэн. Гэхдээ заримд нь ялгадас маш их, заримд нь загатнах нь их хүчтэй байх зэргээр ялгарч болно. Мөн бэлгийн уруул, хярзан ба анус /хошного/ орчмын арьс хэт улайж хавдана, гүвдрүүтэх, шээхэд гадна арьс хорсож халуун оргих, бэлгийн харьцаанд өвдөх зэрэг нь харилцан адилгүй байж болно.

Цагаан юм ихсээд загатнавал мөөгөнцөр гэж үзэх үү?
Урьд нь мөөгөнцөр гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж байсан эмэгтэйчүүд ихэвчлэн мөөгөнцөр болсноо сайн мэдэж байдаг. Харин анх удаа дээрх шинж илэрсэн бол заавал эмчдээ үзүүлж, шинжилгээ өгч, оношоо тодруулж эмчилгээ хийлгээрэй. Яагаад гэвэл бусад нянгийн эсвэл трихомониадын үрэвсэл халдварууд ижил шинжтэй явагдаж болно.

Ямар шинжилгээ өгдөг вэ, мазокоор илрэх үү?
Мөөгөнцрийн халдварыг илрүүлэх олон шинжилгээ бий. Мазок илрүүлнэ. Хамгийн энгийн арга бол үтрээнээс ялгадас авч, түрхэц бэлдээд микроскопоор харж оношлох юм. Анхны удаа бол энэ арга хангалттай. Хэрэв олон дахин давтагдсан бол мөөгөнцрийн ургалтын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээ хийгдсэний дараа үр дүнг тодорхойлж давтан шинжилгээ өгч болно.

Ямар эмчилгээ хийгддэг вэ, аль нь илүү сайн бэ?
Тухайн тохиолдол бүрээс хамаарна. Уух эмийн эмчилгээ, үтрээний лаа эсвэл тосон түрхлэг гэх мэт. Оновчтой хэрэглэсэн үед бүгд л үр дүн сайн байдаг. Эм уусны дараа шингэж, цусны эргэлтэнд орж, хүний бүх бие эрхтэн системээр тархан үйлчилж, улмаар үтрээний халдварлагдсан хэсэгт үйлчилнэ. Лаа бол зөвхөн үтрээнд хэсэг газрын эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг тул үр дүн сайтай эмчилгээний лаа бол Клотримазол. Гэхдээ цагаан юм гарах болгонд энэ лаа тус болохгүй, зөвхөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг санах хэрэгтэй. Лаа, тос зэрэг нь яаж, хэрхэн зөв хэрэглэснээс үр дүн ихээхэн хамаардаг. Зарим үед давтан эмчилгээ хийх шаардлага гардаг. Манайхан үтрээндээ угаалга, цацлага хийлгэж л сая эмчлэгдэх мэт ойлгодог талтай. Үтрээний ихэнх үрэвсэл, халдварын эмгэг уух эм эсвэл лаагаар бүрэн эмчлэгдэнэ.

Өөрсдөө эмчилгээ хийж болох уу?
Урьд нь өвдөж оношлогдож байсан, мөөгөнцөр гэдгээ сайн мэддэг эмэгтэйчүүд давтан дахисан тохиолдолд өөрсдөө эмчилгээ хийж болно. Гэхдээ 1-2 удаа урьд нь эмчид үзүүлж оношлуулсан байх хэрэгтэй.

Мөөгөнцөр БЗХӨ мөн үү?
Үтрээний ялгадас ихсэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул ихэнх эмэгтэйчүүд мөөгөнцрийг бэлгийн замаар халдварлагддаг өвчин гэж боддог. Үнэндээ цөөн тохиолдолд л бэлгийн амьдралтай холбоотой байдаг, ялангуяа эмчлэгдэхгүй удсан, архагшсан үед БЗХӨ-ний шинжтэй болно. Мөөгөнцрийн гаралтай үрэвсэлтэй эрэгтэйтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол халдвар авах эрсдэл өндөр байна. Гэхдээ ийм халдвартай эрэгтэйчүүд тийм элбэг бус. Амны хөндий, хоолойн мөөгөнцөртэй хүмүүс байдаг, ийм хүн амаар бэлгийн хавьталд орсон тохиолдолд мөн халдвар дамжих эрсдэл ихэснэ.

Жирэмснээс хамгаалах эм ууж байхад мөөгөнцөр үүсвэл яах вэ?
Эдгээр дааврын эм нь хүний биеийн чихрийн солилцоонд ямар нэгэн нөлөөтэй байж, цусан дахь эстроген дааврыг ихэсгэх тул мөөгөнцөр үүсэх эрсдэл ихэсгэнэ гэж үзнэ. Гэхдээ ихэвчлэн хүмүүс хэтрүүлж ойлгох талтай. Жирэмснээс хамгаалах эмээ зогсоо гэж би хэзээ ч зөвлөхгүй, тэглээ гээд мэдэгдэхүйц тус нэмэр байхгүй шүү. Дааврын эмнээс гадна мөөгөнцөр үүсэх олон өөр хүчин зүйлс байгаа.

Бэлгийн харьцаанд орсны дараа мөөгөнцөр үүсээд байж болох уу?
Хэрэв эмэгтэй дааврын эм уудаг бол зарим ховор тохиолдолд тийм зүйл ажиглагддаг. Эрэгтэй хүний үрийн шингэн хэсэг газрын буюу үтрээний дархлаа сулруулах ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэг байж болох юм. Үрийн шингэнээс ч харшилтай ч тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Хэрэв тийм бол давхар бэлгэвч тогтмол хэрэглээд үзэх хэрэгтэй. Мөн бусад хүчин зүйлийг судлах зүйтэй.

Ерөндөг мөөгөнцөрт нөлөөлөх үү?
Үтрээнд байгаа ямар нэгэн механик, гадны биет үтрээний үрэвсэл, халдвар үүсэх эрсдэлийг ихэсгэх хандлагатай нь үнэн. Эдгээр нь үтрээний орчинд нөлөөлж байдаг. Тухайн эмэгтэйн ерөнхий биеийн эсэргүүцэл, дархлаанаас ихээхэн хамаарах зүйл.

Нэгэнт мөөгөнцөртэй болсон бол заавал дахидаг уу?
Заавал үгүй. Гэхдээ нийт өвчлөгсдийн 5%-д дахидаг гэж үзнэ. Дахина гэдэг нь буруу дутуу эмчилгээ, архаг хууч өвчин эмгэг, удаан хэрэглээний эмийн зүйлүүд гэх мэт олон шалтгаанаас болно. Дахидаг мөөгөнцөр гэдгийн эмчилгээ тодорхойлолт бол жилд 4 ба түүнээс дээш удаа мөөгөнцрийн халдвар үүссэн нь эмчээр нотлогдсон тохиолдлыг хэлдэг.

Дутуу эмчилгээ гэж юу вэ?
Эм уух, эсвэл лаа хэрэглэх зэрэгт биеийн байдал сайжирч, зовиур арилмагц эмчилгээг ямар нэгэн шалтгаанаар зогсоодог. Ингээд тодорхой хугацааны дараа шинж тэмдэг дахин гарч ирнэ. Иймд нэгэнт эмчилгээ эхэлсэн бол заавал дүүргэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж архагшиж дахисаны дараа БЗХӨ-ий шинжтэй болдог тул тогтмол бэлгийн харьцаанд байдаг партнёроо эмчлүүлэх шаардлага гарна.

Мөөгөнцрийн үед дотуур угаалга хийх үү?
Ялгадас ихтэй зовиуртай үед гоожуурын бүлээн усаар бургуйдах, эсвэл 2 хуруугаар цагаан ялгадас гарахгүй болтол цэвэрлэж болно. Ингэсний дараа үтрээний лаагаа хэрэглэвэл илүү үр дүнтэй байна. Гэхдээ хурдан зүгээр болохоос гадна гүйцэд эмчлүүлэхээ мартуузай. Гол нь хуурай, цэвэрхэн орчинг аль болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Маажихгүй байхыг хичээ. Гар хумсаар халдварлагдаж болно. Шөнө унтахдаа дотоожгүй унтахыг ч зөвлөдөг.

Мөөгөнцрөөс сэргийлэхийн тулд ариун цэврийг хэрхэн сахих вэ?
Гадна бэлэг эрхтнээ 7 хоногт 2-оос доошгүй удаа цэвэр гараар бүлээн гоожуурын усаар угаахад хангалттай. Зөвхөн өөрийн хэрэглээний тусгай цэвэр зөөлөн алчууртай байх, арьсаа цочроохгүйн тулд усыг шингээж дарж арчих зохистой. Усны урсгал болон гарын хөдөлгөөн урдаас хойшоо чиглэсэн байх, ингэснээр шулуун гэдэсний амсар орчмоос үтрээнд халдвар оруулахаас сэргийлнэ (бие зассаны дараа ариун цэврийн цаасны хөдөлгөөн мөн адил байх). Зохих төрлийн савангаар зөвхөн үтрээний орох хэсгийн гадна тал, бэлгийн уруулыг угааж болно. Цэвэр даавуун дотоож хувцас хэрэглэх. Болж өгвөл бариу жинс мэт хувцас өмсөхгүй байх. Төрөл бүрийн ариун цэврийн гэх мэт бүтээгдэхүүнээс татгалзах. Ялангуяа, шүршдэг, цацдаг үнэртэй бүтээгдэхүүн. Дотуур савандаж буюу тусгай уусмалаар байнга угаахгүй байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хамгаалттай бэлгийн харьцааг байнга эрхэмлэх нь чухал.

“Даффодел” эмнэлгийн ерөнхий эмч, анагаахын доктор Л.Баярсайхан
Вэб сайт: http://www.emch.mn
help me  - muuguntsurtuh uwchin   |2011-08-15 15:24:51
16 nastai huuhded muuguntsurtuh uwchin ilrehuuu buren edgerehed her udah we hariulj ugch tuslaach pls
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.