Охидын бэлгийн эрүүл ахуй
Бичсэн: Jargalmaa   
Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтнээс унжралдсан, цэнхэрдүү өнгөтэй бага хэмжээний ялгадас гарах бөгөөд энэ нь хорсох, загатнах ямар нэгэн зовуурь үүсгэдэггүй. Өдөр бүр бэлэг эрхтнээ угааж, дотуур хувцсаа сольж буй тохиолдолд тэр бүр ялгараад байгаа нь ч анзаарагдахгүй. Харин цагаан юм байнга их хэмжээгээр ялгарах, мөн бэлэг эрхтэн орчим таагүй зовууриуд үүсэх нь ихэнхдээ бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед илэрдэг шинж тул эмчийн зөвлөгөө авах нь чухал юм.

Бэлгийн бойжилтын үед гадна харагдах байдлаас эхлээд биеийн бүхий л хэсэгт өөрчлөлт гардгийг ихэнх охид мэддэг. Харин бэлэг эрхтэнд гарах өөрчлөлтөд охид ихээхэн санаа зовох нь бий. Нас бие гүйцсэн эмэгтэй хүн болоход бэлтгэгдэж буй энэхүү хэвийн үзэгдлийн талаар охид зөв мэдлэгтэй байх нь чухал.

Бэлэг эрхтэний эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга бол цэвэрч байдал. Бэлгийн уруулын завсараар өнгөр гэж нэрлэгддэг шингэн зүйл хуримтлагддаг. Өнгөр ерөнхийдөө цагаан өнгөтөй хурц үнэртэй бөгөөд үхсэн эд эс, нянгийн нийлэмж юм. Та усанд эсвэл шүршүүрт орж байхдаа шингэн савангаар гадаад бэлэг эрхтэнээ угаах хэрэгтэй. Intimate washes гэсэн нэртэй зориулалтын шингэн саванг та хэрэглэж болно.
Бургуйдаж угаах нь тийм сайн арга биш. Бургуйдах үед эд эс гэмтэж гадна байсан нян биеийн дотор хүчээр шахагдан орно. Бургуйдаж угаах нь ямар нэгэн ач холбогдолтой гэж хараахан батлагдаагүй байгаа. Хэрвээ бэлгийн уруулаас гарах үнэр таалагдахгүй байгаа бол энэ нь тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүд та бүхэнд байх ёстой гэдгийг санаарай. Гэхдээ хэвийн үед охидын үтрээнээс бусдад эвгүй үнэртэхүйц үнэр гардаггүй бөгөөд сарын тэмдэг ирж буй үед тампон, ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон сольж, өдөр бүр шүршүүрт орон, дотуур хувцсаа сольсноор ямар нэг үнэр мэдрэхгүй байх бүрэн боломжтой. Зөвхөн бэлгийн замын халдварт өвчний үед л тааламжгүй эвгүй үнэр гардаг.  Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй..

Бэлгийн ариун цэврийн дүрмүүд

Нэг. Өдөр бүр.
Өдөр бүр гадна бэлэг эрхтэн орчмоо угааж хэвших хэрэгтэй. Дор хаяж нэг удаа. Өдөрт 2 удаа, өглөө, оройд, биений юм ирсэн үед 2-3 удаа угааж байхыг зөвлөж байна.

Хоёр. Зөвхөн ус.
Өглөө, оройд цэвэр усаар, урдаас нь хойшоо чиглэлээр угааж байгаарай. 7 хоногт 2-3 удаа хүүхдийн саван хэрэглэж болно. Үсний шампунь, бие угаагч шингэн саван, ванны хөөс, нянгийн эсрэг саван хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Гурав. Гар нүүрийн алчуур, биеийн алчуур, биеийн зүлгүүр зөвхөн чинийх байх.
Гар нүүрийн алчуур, биеийн алчуур, биеийн зүлгүүрээ зөвхөн чи өөрөө л хэрэглэдэг байх нь тохиромжтой. Гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн алчууртай байх нь зөв.

Дөрөв. Зөвхөн гадна бэлэг эрхтэн.
Зөвхөн гадна бэлэг эрхтнээ л угааж байх ёстой, дотогшоо үтрээ рүү угаалга хийж болохгүй. Үтрээ өөрөө өөрийгөө хамгаалдаг онцлогтой.

Тав. Даавуун дотоож.
Нийлэг материалаар хийсэн дотоож нь үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
Өөртөө яг таарсан дотоожийг сонгоорой.

Зургаа. Сайн чанарын ариун цэврийн цаас хэрэглэж байх.
Баасны дараа сайн чанарын 00-ын цаасаар урдаас хойшоо чиглэлээр баасны үлдэгдэлгүй болтол сайтар арчиж байгаарай.

Долоо. Ариун цэврийн хэрэглэл, тампоныг зөв хэрэглэж байх.
Биений юмны үед ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Тампоныг 4-5 цагаас илүү хугацаагаар үтрээнд байлгах нь үтрээг үрэвсүүлэх, үтрээний орчныг өөрчлөх, нян үржих нөхцлийг бүрдүүлнэ.

Найм. Тусгай зриулалтын нойтон сальфетка.
Угаах боломжгүй, удаан хугацаагаар унаагаар явах гэх мэт үед гадна бэлэг эрхтэн орчмыг арчиж цэвэрлэхэд зориулсан нойтон сальфетка хэрэглээрэй. Өөр зориулалттай нойтон сальфеткаг бүү хэрэглээрэй.

Ес. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг цөөн хэрэглэх.
Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл нь чийглэг, агаар үл нэвтрэх орчныг үүсгэж болох тул аль болох цөөн хэрэглээрэй. Зарим нь үнэр шингээсэн байдаг тул харшил үүсгэх боломжтой. Иймд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг биений юм дуусаж байх үед эсвэл аян замд явах үед гэх мэт үед хэрэглэж болно.

Арав. Эмчид ханд.
Гадна бэлэг эрхтэн орчимд өвдөх, загатнах, улайх, хорсох, хэвийнхээс өөр үнэртэй эсвэл өнгөтэй ялгадас гарах гэх мэт зовуурь, таагүй байдал илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай

Мөн сарын тэмдгийн үед энгийн ариун цэврийн хэрэглэл, тампоны алийг нь сонгох вэ гэдэгт эргэлздэг.
Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ цус ихээр гарах үед тампон цусыг барьж дийлдэггүй тул энгийн ариун цэврийн хэрэглэл нэмж хэрэглэх буюу тампоноос бүрэн татгалзах хэрэг гардаг.
Харин биед эвгүй, тааламжгүй байдгийн хувьд тампоныг буруу оруулсантай болон өөрийн бие махбодын онцлогоо мэдээгүйтэй холбоотой. Хэрвээ таны дотор ямар нэгэн гадны биет байгаа мэт мэдрэмж төрж байвал та үүнийг буруу оруулсан гэсэн үг.
Тампоныг өөрийн гол хэрэглээгээ болгож сонгохын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү ариун цэврийн хэрэглэл хүн болгонд таардаггүй, зөвхөн бэлгийн замын ямар нэгэн өвчингүй, эрүүл эмэгтэйд тохирдог байна. Тампон янз бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлдэг. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө гараа заавал угааж, халдвар оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдээж тампоныг 3-4 цаг тутамд солихоо мартаж болохгүй.
Ариун цэврийн хэрэглэл нь тампоныг бодвол хэд хэдэн сул талтай. Энэ нь гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэрэг дутагдлууд юм. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой. Үүний зэрэгцээ орчин үеийн үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэртэй, олон төрлийн ариун цэврийн хэрэглэл гаргаж байгаа тул эмэгтэй хүн бүр өөрт тохирохыг сонгож болно.

 

Сэтгэгдэл
RSS
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээж чадна!
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.